bnr-0
Netflix зах зээлд найдвар төрүүлж, улирлын орлого нь түүхэн дээд хэмжээнд хүрлээ
04 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Netflix 2025 оны эхний улиралд 10.54 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Уолл Стритийн таамгийг давлаа.
  • Үйлчилгээний багцуудын үнээ өсгөж, зар сурталчилгааны шинэ эх үүсвэртэй болсон нь ашиг өсөхөд голлон нөлөөлөв.
  • Компанийн шинэ стратеги захиалагчийн тооноос илүүтэй ашигт ажиллагаанд төвлөрч байна.
Эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд ч "Netflix" компани өсөлтөө хадгалсаар буйг нэгдүгээр улирлын тайлан харууллаа.

Стриминг үйлчилгээний дэлхийн тэргүүлэгч компани болох Netflix-ийн 2025 оны эхний улирлын санхүүгийн үзүүлэлт зах зээлийн хүлээлтээс давж гарлаа. Компанийн тайлангаас харахад нийт орлого нь 10.54 тэрбум ам.долларт хүрч, LSEG-ийн таамаглаж байсан 10.52 тэрбум ам.долларыг давжээ. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд ч тус компани өсөлтөө хадгалсаар буйг энэ тайлан харуулав. Орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар нэмэгдсэн нь тус компанийн үйл ажиллагаа зах зээлийн эрэлтэд нийцэж чадсаныг илтгэж байна.

Netflix-ийн энэхүү амжилтын ард хоёр гол хүчин зүйл буй юм. Тус компани стриминг багцуудынхаа үнийг энэ оны нэгдүгээр сараас өсгөж, ихэнх зах зээлд стандарт багцаа 17.99 ам.доллар, зар сурталчилгаатай хувилбарыг 7.99 ам.доллар, харин премиум багцаа 24.99 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Тэрчлэн зар сурталчилгаанаас олох орлогын эх үүсвэрийг улам өргөжүүлж АНУ-ын зах зээлд дотоод сурталчилгааны технологийн платформыг дөрөвдүгээр сараас нэвтрүүлснээр зорилтот бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны тогтолцоо руу шилжээд байна.

Харин компанийн хувьд анх удаа захиалагчийн тоог ил болгохоос татгалзсан нь  энэ улирлын нэгэн онцлог байв. Энэ нь санхүүгийн тайлагналд стратегийн өөрчлөлт орсны илрэл бөгөөд цаашид Netflix орлогоо гол хэмжүүр болгохоор зорьж байгаагийн дохио юм.

Тайланд дурдсанаар, цэвэр ашиг 2.89 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг 6.61 ам.доллар болсон нь шинжээчдийн 5.71 ам.долларын таамгаас давж, өмнөх оны мөн үеийн 5.28 ам.доллартай харьцуулахад нэлээд ахисан үзүүлэлт байлаа. Тус компанийн ерөнхий захирал Грег Питерс “Тарифын нөлөөгөөр эдийн засгийг урьдчилан таамаглах боломж багассан ч хэрэглэгчдийн зан төлөвт эрс өөрчлөлт ажиглагдахгүй байна. Түүхийн туршид манай салбар эдийн засгийн өөрчлөлтөд сайн дасан зохицож ирсэн” гэж тайлангийн танилцуулгын үеэр онцолсон юм.

Netflix-ийн тайлан нийтлэгдсэний дараа арилжааны явцад хувьцааных нь ханш хоёр хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буйг харуулав. Netflix энэ онд технологид суурилсан зар сурталчилгааны суурийг улам бэхжүүлж, өрсөлдөгчдийн тэр бүр нэвтрээгүй зах зээлийн шинэ орон зайд илүү хүчтэй байр суурь эзлэх зорилт тавиад байна  

mobile-logo