Трамп Хятадын бараанд өндөр тариф ногдуулах хугацааг дахин 90 хоногоор хойшлууллаа
08 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах өндөр тарифыг дахин сэргээх хугацааг 90 хоногоор хойшлуулсан байна.
  • Хэрэв хугацааг сунгаагүй бол тарифын түвшин дөрөвдүгээр сард, худалдааны дайн хамгийн хурц үед байсантай адил хэмжээнд хүрэх байсан юм.
  • Уг шийдвэр нь Трампын тарифын бодлого тогтворгүй, урьдчилан таамаглахад бэрх хэвээр байгааг харуулж байна.
Трамп Хятадын бараанд өндөр тариф ногдуулах хугацааг дахин 90 хоногоор хойшлууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах өндөр тарифыг дахин сэргээх хугацааг 90 хоногоор хойшлуулсан тухай Цагаан ордны төлөөлөгч CNBC-д мэдээллээ. 

Анхны хэлэлцээрийн дагуу уг тариф мягмар гаргаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх байсан ч Трамп хугацааг нэгдүгээр сарын дунд үе хүртэл сунгав.

Энэхүү шийдвэр нь долдугаар сарын сүүлчээр Стокгольм хотноо болсон АНУ, Хятадын худалдааны төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээний үр дүн байлаа. Хэрэв хугацааг сунгаагүй бол тарифын түвшин дөрөвдүгээр сард, худалдааны дайн хамгийн хурц үед байсантай адил хэмжээнд хүрэх байсан юм.

Тухайн үед АНУ Хятадын бараанд 145 хувийн татвар ногдуулж, үүний хариуд Хятад АНУ-ын бараанд 125 хувийн тариф тогтоосон. Гэвч тавдугаар сард Женевт болсон уулзалтаар талууд ихэнх тарифыг түр зогсоохоор тохирч, АНУ тарифыг 30 хувьд, Хятад 10 хувь хүртэл бууруулсан.

Харин өнөөдрийн хугацааг сунгах шийдвэр нь Трампын тарифын бодлого тогтворгүй, урьдчилан таамаглахад бэрх хэвээр байгааг харуулж байна. Өмнө нь тэрбээр өндөр тариф зарлаж, удалгүй бууруулах, өөрчлөх, эсвэл түр зогсоох алхмуудыг хэдэнтээ хийж байв.   

mobile-logo