- “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээт компаниудын нүүрсийг хилээр шуурхай гаргахыг үүрэг болголоо.
- Ганцмод боомтын талбай ачааллаа дийлэхээ больж, нүүрсний үнэ унасан нь экспорт саарах гол шалтгаан болов.
- Биржийн арилжаа унаж, валютын орох урсгалд эрсдэл нүүрлэж байна.

Засгийн газар нүүрсний экспортын гол сувагт үүссэн гацааг шуурхай шийдвэрлэх алхам авч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн нүүрсийг “тусгай зам”-аар гацаалгүй хил нэвтрүүлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. 2025 оны эхний улиралд нүүрсний экспорт 17.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буураад байсан нь энэ шийдвэрийг гаргах үндэс болжээ.
Сүүлийн саруудад олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ буурч, Хятадын тал худалдан авсан нүүрсээ цааш борлуулахад хүндрэлтэй байдалд орсноор Ганцмод боомтын талбай дүүрэн хэт ачаалалтай болж, улмаар нүүрс ачиж буулгах ажил саарчээ. Үүний нөлөөгөөр Монголын гол экспортын салбар тээвэр болон худалдааны аль аль түвшинд саармагжиж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд томоохон дарамт үүсгээд буй юм.
Эргэлтийн гол үзүүлэлтүүд ч анхаарал татаж эхэлсэн байна. 2025 оны эхний улиралд тус компани нийт 47 удаагийн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцсоноос ердөө 25.5 хувь нь амжилттай болжээ. Энэ нь биржээр дамжсан борлуулалт хүнд байдалд орсныг шууд харуулж буй бөгөөд валютын урсгал суларсан нь Монгол Улсын валютын албан нөөцөд хүртэл сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.
Тийм учраас Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулсан нүүрсийг шуурхай горимоор хил нэвтрүүлэх тусгай зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргийг Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга болон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.