bnr-0
Эгийн голын УЦС төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг 2026 онд гаргана
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан Эгийн голын УЦС төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг гаргахаар тохиролцжээ.
  • Эгийн голын УЦС төсөл нь импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
  • Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мягмар гарагт “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 2026 оны эхний хагаст гарна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мягмар гарагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа. Энэ үеэр Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан.

Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн. Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.

Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ.  

mobile-logo