Доналд Трамп: Алтны импортод гаалийн татвар ногдуулахгүй
08 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Дональд Трамп “Алтны импортод гаалийн татвар ногдуулахгүй” гэж мэдэгдсэн нь олон улсын үнэт металлын зах зээлд хэд хоног үргэлжилсэн таамгийг үгүйсгэв.
  • Хэрэв алтны импортод татвар ногдуулбал алт боловсруулах, дамжуулах гол төв болох Швейцар улсад онцгой хохирол учруулах байв.
  • Трампын мэдэгдлийн дараа алтны спот болон фьючерс ханш доошилж, мөн алт олборлогч компаниудын хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байна.
Импортын татвараас үүдэх хохирлыг тооцоолоход ч бэрх байсан.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” сошиал хуудсандаа “Алтны импортод гаалийн татвар ногдуулахгүй” гэж мэдэгдсэн нь дэлхийн үнэт металлын зах зээлд эерэг хүлээлт үүсгэж, хэд хоног үргэлжилсэн алтны импортод татвар ногдуулах тухай таамгийг үгүйсгэв.

АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар өнгөрсөн баасан гарагт албан ёсны вэбсайт дээрээ “АНУ-ын зах зээлд өргөн арилжаалагддаг алтан гулдмайн импортод онцгой татвар ногдуулах магадлалтай” хэмээн мэдээлсэн нь алтны нийлүүлэлтэд саад учруулах эрсдэлийг дагуулж байв.

Үүнд Цагаан ордны зүгээс “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Трампын засаг захиргаа алт болон бусад онцгой төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварын талаарх ташаа мэдээллийг тодруулах зорилгоор Ерөнхийлөгчийн зарлиг бэлдэж байна” гэж мэдэгдлээ.

Хэрэв алтны импортод татвар ногдуулбал алт боловсруулах, дамжуулах гол төв болох Швейцар улсад онцгой хохирол учруулах байв. Энэ тухайд эдийн засагч Росс Норман “Трампын мэдэгдэл үнэт металлын зах зээлд үүсээд буй замбараагүй байдлыг зохицуулсанд таатай байна. Импортын татвараас үүдэх хохирлыг тооцоолоход ч бэрх байсан” хэмээн өгүүлэв.

Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын алтны фьючерс ханш унци тутамдаа 2.4 хувиар буурч 3,407 ам.доллар болсон бол спот алтны үнэ 1.2 хувиар доошилж, 3,357 ам.долларын түвшинд тогтжээ.

Мөн АНУ-ын алтны томоохон олборлогч “Barrick Mining”-ийн хувьцааны ханш 2.8 хувиар буурсан бол, дэлхийн  алт олборлогч хамгийн том компани “Newmont”-ийн хувьцааны үнэлгээ мөн унаж 68.87 ам.долларт хүрсэн байна.  

mobile-logo