- Ази, Номхон далайн хөрөнгийн зах зээл эрчимтэй өсөж байна.
- Японы Nikkei 225 индекс таван өдрийн хугацаанд 5.13 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв.
- Энэхүү өсөлтөд эрчим хүч, техник технологи, банк санхүү болон нийтийн үйлчилгээний салбар голлон нөлөөлсөн байна.

АНУ болон БНХАУ төлөөлөгчид зөвшилцөж, талууд хоёр улсын татварын маргааныг түр зогсоох хэлэлцээрийг 90 хоногоор сунгах шийдвэрт хүрсэн нь Ази, Номхон далай дахь хөрөнгийн зах зээлийг өсөлтөд хөтөллөө.
Тухайлбал, Японы Nikkei 225 индекс мягмар гарагийн арилжаагаар бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилж, 42,629.17 нэгжид хүрлээ. Энэхүү өсөлтөд эрчим хүч, техник технологи, банк санхүү болон нийтийн үйлчилгээний салбарын компаниудын өсөлт голлон нөлөөлсөн ажээ.
Индексийн сагсанд багтах компаниудын үнэт цаасны онцлох өөрчлөлтүүдийг харвал, Японы өнгөт металл олборлолт, боловсруулалтын компани болох “Mitsui Mining and Smelting Co.”-ийн хувьцааны ханш 12 хувиар өсөж, өсөлтийг тэргүүлсэн байна. Харин “SoftBank Group” болон “Advantest”-ийн хувьцааны ханш тус бүр ойролцоогоор 7 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн Австралийн бенчмарк S&P/ASX 200 индекс арилжааны явцад 8,828.67 нэгжийн түвшинд хүрч, дээд үзүүлэлтээ шинэчлэв. Австралийн Төв банк мөн мягмар гарагт бодлогын хүүгээ сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүртэл бууруулж, 3.6 хувиар тогтоолоо. Энэ үеэр энэ оны ДНБ-ий өсөлтийн төлөвөө 2.1 хувиас 1.7 хувь хүртэл бууруулж буйгаа мэдэгдээд байна.