- Хятадын үйлдвэрлэлийн үзүүлэлт дөрөвдүгээр сард 49.0 болж, 2023 оноос хойш анх удаа агшив.
- АНУ болон Хятадын тариф харилцан нэмэгдэж, экспортын урсгалыг доголдуулав.
- Хятадын эдийн засагт 2.2 хувийн уналт, 9 сая ажлын байрны эрсдэл үүсэхээр байна.

Хятадын үйлдвэрлэлийн салбар 2025 оны дөрөвдүгээр сард хүлээлтээс давсан хэмжээнд агшиж, сүүлийн хоёр жилд тохиогоогүй доод түвшинд хүрлээ. Тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээллээр үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс буюу PMI 49.0 болж, 50-ын түвшнээс анх удаа доошлов. Энэ нь үйлдвэрлэл агшиж буйг илтгэх чухал үзүүлэлт юм.
Тарифын хурц зөрчлийн улмаас хоёр орны худалдаа эрс хүндэрч, АНУ-ын шинэчлэгдсэн 145 хувийн тариф дөрөвдүгээр сард хүчин төгөлдөр болсноор Хятадын үйлдвэрлэл цохилтод орсон. Хариуд нь Бээжин АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулсан нь урьд хожид байгаагүй эдийн засгийн сөргөлдөөнийг бий болгоод буй юм.
Үүний зэрэгцээ Caixin/S&P Global-ийн PMI үзүүлэлт мөн суларч 50.4-т хүрсэн нь зах зээлийн таамгийг давсан ч өмнөх сараас доошилжээ. Харин үйлчилгээ болон барилгын салбарын индекс 50.8-аас 50.4 болж унасан байна.
Morgan Stanley банкны Азийн ахлах шинжээч Четан Ахя CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа тарифын зөрчил экспортын логистикийн сүлжээг алдагдуулж, АНУ руу чиглэсэн Хятадын ачаа тээвэрлэлт огцом буурсныг онцолжээ. Түүнчлэн экспорт буурснаар үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны тоонд нөлөөлөх хүлээлттэй байгааг дурджээ.
Эдийн засагчдын тооцооллоор АНУ-ын нэмэлт тариф нь Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувьд шууд цохилт өгч, экспортод тулгуурласан үйлдвэрлэлийн салбарт 9 сая орчим ажлын байр эрсдэлд оруулах төлөвтэй байгаа аж. Eurasia Group-ийн Хятад дахь захирал Дэн Вангийн үзэж буйгаар, тарифын нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл экспорт бараг 50 хувиар буурч, Хятадын талд эдийн засгийн алдагдлыг нөхөхийн тулд дор хаяж 2 их наяд юанийн нэмэлт төсөв шаардагдах аж.
Хэдий тийм боловч Хятадын эрх баригчид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор “идэвхтэй санхүүгийн бодлого” болон “зөөлөн мөнгөний бодлого”-ын хослолыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Энэ хүрээнд экспортын сөрөг нөлөөлөлд өртсөн салбаруудад дэмжлэг үзүүлэх, мөн эм бэлдмэл, нисэхийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч зэрэг АНУ-ын стратегийн бараанд тарифын чөлөөлөлт үзүүлж эхэлжээ.
Нөгөө талаас Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт автомашин, цахилгаан бараа болон сэлбэг хэрэгслийн зарим импортод ногдуулсан татварыг бууруулах зарлиг гаргаж, тарифын ачааллыг хэсэгчлэн багасгав. Гэсэн ч Трампын засаг захиргаа хэлэлцээ үргэлжилж буй гэж мэдээлж байгаа бол Бээжингийн зүгээс ийм уулзалт, харилцан яриа явуулж буйг няцаасаар байна.
Энэ бүхнээс харахад, Хятад улс эдийн засгийн агшилтыг зөөллөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн ч тарифын маргаан гүнзгийрч буй нөхцөлд үйлдвэрлэлийн салбарын хүнд байдал үргэлжилсээр байна.