- Dow Jones индекс 300 нэгжээр дээшилж, зургаа дахь өдрөө дараалан өсөлт үзүүлэв.
- АНУ худалдааны хэлэлцээрт тун ойр байгааг мэдэгдсэн нь эерэг дохио болов.
- Honeywell, Apple зэрэг томоохон компанийн хувьцааны ханш өсөж, алтны үнэ түүхэн дээд хэмжээнд дөхөв.

Америкийн хөрөнгийн зах зээл мягмар гарагт идэвхжиж, Dow Jones аж үйлдвэрийн дундаж индекс 300.03 нэгжээр өсөж, 40,527.62 түвшинд хаагдлаа. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойших хамгийн урт өсөлтийн цуваа болж байна. Мөн S&P 500 индекс 0.58 хувиар дээшилж 5,560.83-д, Nasdaq Composite 0.55 хувиар нэмэгдэж 17,461.32-д хүрэв.
Зах зээлийн өсөлтийн гол шалтгаан нь АНУ тун удахгүй томоохон худалдааны хэлэлцээр зарлаж магадгүй гэсэн мэдэгдэл байлаа. Худалдааны сайд Ховард Лутник CNBC-д өгсөн ярилцлагадаа “Би хэлэлцээрийг бүрэн дуусгасан, одоо зөвхөн тухайн улсын Ерөнхий сайд, парламентын зөвшөөрөл үлдсэн” гэж хэлснээр хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлт үүсгэв. Гэхдээ тэрбээр ямар улстай хэлэлцээ хийж буйгаа тодорхой дурдаагүй юм.
Энэхүү мэдэгдлийн дараа худалдааны маргаанаас хамгийн их нөлөө авч буй General Motors болон Apple-ийн хувьцаа өдөртөө эргэн сэргэв. GM ирээдүйн стратегидаа өөрчлөлт оруулж хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө түр зогсоохоо зарласан ч ханш нь ердөө 0.6 хувиар л буурч хаагдсан бол Apple-ийн хувьцаа 0.5 хувиар өссөн байна.
Арилжааны өдөрт гарсан өөр нэг анхаарал татсан үйл явдал бол Amazon компанийн Amazon Haul платформ дээр гаалийн хураамжийн мэдээллийг харуулах төлөвлөгөө цуцлагдсан тухай мэдээ байлаа. Энэ алхмыг өмнө нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “улс төрийн шинжтэй үйлдэл” хэмээн шүүмжилж байсан. Үүний дараа Amazon-ийн хувьцааны ханш түр хугацаанд унасан ч эцэстээ 0.2 хувиар буурч хаагдав.
Хөрөнгө оруулагчдын дунд S&P 500 индексийн сагсанд багтдаг компаниудын орлогоос шалтгаалсан хүлээлт ч нэмэгдэж байгаа бөгөөд энэ долоо хоногт Meta, Microsoft, Apple, Amazon зэрэг технологийн аваргууд улирлын тайлангаа танилцуулах юм. “Зах зээлийн сүүлийн хөдөлгөөнүүд голчлон бодлогын мэдэгдлүүдээс шалтгаалж байна. Үндсэн өөрчлөлт гарах эсэх нь эдгээр мэдэгдлээс хамаарна” гэж Baird компанийн стратегич Росс Мэйфилд тайлбарлав.
Honeywell компанийн улирлын орлого шинжээчдийн таамгийг давж, хувьцаа нь 5.4 хувиар огцом өссөн нь индекс өсөхөд голлон нөлөө үзүүлэв.
Мөн хөрөнгө оруулагчдын дунд танигдсан нэртэй санхүүч Жон Полсон алтны зах зээлд хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам хандуулав. Тэрбээр Ройтерст өгсөн ярилцлагадаа “2028 он гэхэд алтны үнэ унци нь 5,000 ам.долларт хүрнэ” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь Төв банкуудын худалдан авалт болон иргэдийн аюулгүй хөрөнгө оруулалтад чиглэсэн хандлагатай холбоотой гэж тайлбарласан байна.
Алтны үнэ өнгөрсөн долоо хоногт 3,500.05 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд дөхөөд буй. Полсон нь Perpetua Resources компанийн томоохон хувь эзэмшигч бөгөөд Аляска дахь алтны Donlin төслөөс Barrick компанийн 40 хувийг худалдан авсан юм.
Худалдааны хэлэлцээрийн тодорхой бус байдал хадгалагдсаар байгаа ч хөрөнгө оруулагчид одоогоор эерэг мэдэгдэл, компанийн сайн тайланг илүүд үзэж өсөлтийн хандлагыг хадгалж байна.