- “Starbucks” компанийн борлуулалт дараалан тав дахь улиралдаа буурч, орлого нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
- Жилийн өмнө 772 сая ам.доллар байсан цэвэр ашиг энэ улиралд 384 сая ам.доллар болж, хоёр дахин буурсан бол нэгж хувьцаанд ногдох ашиг 41 цент болж, 49 цент гэсэн шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.
- Мөн АНУ болон Хятадын хэрэглэгчид илүү хямд кофе сонгох хандлагатай болсон нь борлуулалтад нөлөөлсөн байна.

“Starbucks” компанийн борлуулалт дараалан тав дахь улиралдаа буурч, орлого нь шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Гүйцэтгэх захирал Брайан Никол компанийн ашиг орлогыг сэргээх зорилго бүхий “сэргэлтийн стратеги” дөнгөж эхний шатандаа явж байгаа бөгөөд одоогийн санхүүгийн үзүүлэлтүүд нь хийгдэж буй ажлын үр дүнг бүрэн тусгаж чадаагүй гэдгийг онцолжээ.
Компанийн зүгээс автоматжуулалтын төлөвлөгөөгөө хойшлуулж, оронд нь хүний нөөцдөө илүү их хөрөнгө оруулж эхэлсэн нь зардлыг нэмэгдүүлж, ашгийг бууруулсан байна. Жилийн өмнө 772 сая ам.доллар байсан цэвэр ашиг энэ улиралд 384 сая ам.доллар болж, хоёр дахин буурсан бол нэгж хувьцаанд ногдох ашиг 41 цент болж, 49 цент гэсэн шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Орлого мөн таамагласан хэмжээнээс бага буюу 8.76 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Гадаад хүчин зүйлс ч мөн компанийн үйл ажиллагаанд дарамт учруулж байгаа аж. АНУ-ын шинэ тарифууд болон боловсруулаагүй кофены үнийн өсөлт нь зардлыг нэмэгдүүлж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээв. “Starbucks” энэ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, санхүүгийн нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүд авч эхлэхээ мэдэгджээ.
Мөн АНУ болон Хятадын хэрэглэгчид илүү хямд кофе сонгох хандлагатай болсон нь борлуулалтад нөлөөлж байна. АНУ дахь дэлгүүрүүдийн хөл хөдөлгөөн 4 хувиар буурч, нэг дэлгүүрт ногдох борлуулалт 2 хувиар багассан бол Хятадад борлуулалт тогтвортой боловч өсөлт ажиглагдсангүй.
Ирэх хугацаанд “Starbucks” хэрэглэгчдийг илүү татах тухтай орчныг бүрдүүлэх, үйлчилгээгээ хурдасгах, ажилчдын ачааллыг тэнцвэржүүлэх, шинэ технологийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох зэргээр үйл ажиллагаагаа сайжруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тус компани оффисын 1,100 ажилтныг цомхотгож, зарим тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг түр хойшлуулсан байна.