bnr-0
Технологийн зохистой хэрэглээ хүүхдэд эерэг нөлөө үзүүлж болохыг онцлов
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын эрүүл мэндийн захиргааны Ерөнхий эмч нийгмийн сүлжээ ганцаардалд нөлөөлдөг гэж анхааруулав.
  • Судлаач Жонатан Хайдт технологи сэтгэлзүйн эрүүл мэндэд аюултай гэжээ.
  • Харин сэтгүүлч Аманда Хесс зарим нөхцөлд дэлгэц сөрөг бус нөлөөтэй гэв.
Технологийн зохистой хэрэглээ хүүхдэд эерэг нөлөө үзүүлж болно.

Сүүлийн жилүүдэд дэлгэцийн хэрэглээ тэр дундаа хүүхдийн гар утас, таблет, зурагт үзэх цаг хугацаа хэт нэмэгдэж буй асуудлыг сэтгэл судлаачид хүчтэй хөндөх болсон. Тэдний дүгнэлтээр хэт их дэлгэцийн хэрэглээ нь залуусын анхаарал төвлөрөх чадварыг бууруулж ганцаардал, сэтгэл гутрал, түгшүүрийг нэмэгдүүлдэг ажээ.

2023 онд АНУ-ын Эрүүл мэндийн захиргааны Ерөнхий эмч Вивек Мёрти “Ганцаардал, тусгаарлалтын цар тахал” нэртэй илтгэлдээ олон нийтийн сүлжээ, технологийн хэрэглээг өсвөр насныхны ганцаардлын гол шалтгаануудын нэг хэмээн тодорхойлсон. Түүний хэлснээр дэлгэцийн хэт хэрэглээ нь хүмүүстэй биечлэн харилцах боломжийг хязгаарлаж, анхаарал сарниулж, өөрийгөө үнэлэх мэдрэмжийг багасгадаг байна.

Мөн Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач Жонатан Хайдт “Түгшүүртэй үеийнхэн” номдоо технологи нь хүүхдийн тархийг дахин чиглүүлж, аюултай түвшинд сэтгэлзүйн өөрчлөлт үүсгэж байгааг баримттайгаар тайлбарласан. Тэрбээр технологийн нөлөөний улмаас хүүхдүүд илүү их сэтгэл гутралд өртөж, түгшүүртэй болдог гэжээ.

Гэвч технологи бүх тохиолдолд сөрөг биш байж болохыг онцолсон судлаач, эцэг эхчүүд ч цөөнгүй бий. Тэдний нэг бол “Дижитал эринд хүүхэдтэй болох нь” хэмээх номын зохиогч, сэтгүүлч Аманда Хесс юм. Тэрбээр өөрийн туршлага дээр үндэслэн, зарим нөхцөлд дэлгэц нь гэр бүлд тус болдог тухай ярьжээ.

Хессийн хэлснээр түүний гурван настай хүү нь хүнд хагалгаанд орсны дараа сэтгэл санаагаа тайвшруулахад телевиз эерэг нөлөө үзүүлсэн байна. “Эхэндээ хүүдээ телевиз үзүүлэхдээ сэтгэл түгшдэг байсан ч сэтгэл зүйчийн зөвлөснөөр эдгэрэх явцдаа дэлгэц үзэх нь тийм ч сөрөг нөлөөтэй биш болохыг ойлгосон” хэмээн тэр ярив. Тэр ч байтугай гэр бүлийнхэн нь “телевизийн үдэшлэг” зохион байгуулдаг болжээ.

Сэтгэл судлаач Глориа Марк ч мөн дэлгэцийн төрлийг зөв сонгосон тохиолдолд анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах боломжтойг дурдаж байна. Тэрбээр богино, хурц контентууд нь хэт их сэтгэл хөдлөл төрүүлж, хөнгөн хүлээн авалтад хүргэдэг бол урт нийтлэл, ном нь гүн боловсруулалт шаарддаг тул оюуны чадамжид илүү ашигтай гэж үзжээ. Мөн тэрбээр утсаар сатаарахгүй байх үүднээс цаасан ном уншихыг зөвлөж байгаа юм.

Хүүхдүүд ямар төрлийн контент үзэж байгаад анхаарах нь нэн чухал ч эцэг эхчүүд бас өөрсдөдөө амралт өгөх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.  

mobile-logo