- Эхний улирлын ашиг, орлого нь шинжээчдийн таамгийг давж гарлаа.
- Бүтэн жилийн орлогын төсөөллөө бууруулалгүй хэвээр хадгаллаа.
- Энэтхэг, Хятад, Бразилд эрэлт нэмэгдсэнээр нэгж борлуулалт 2 хувиар өслөө.

“Coca-Cola” компанийн 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарч бүтэн жилийн орлого, ашгийн төсөөллөө бууруулалгүй хэвээр хадгаллаа. Гадаад худалдааны зөрчил, тарифын өсөлт зардлыг нэмэгдүүлж байгаа ч компани эдгээр сорилтыг удирдах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Орлогын тайланд дурдсанаар компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 73 цент болж, шинжээчдийн 71 цент гэсэн таамгийг давсан байна. Харин нийт орлого 11.22 тэрбум ам.долларт хүрч, 11.14 тэрбум ам.долларын хүлээлтээс давжээ. Борлуулалтын хэмжээ 2 хувиар буурсан ч үнэтэй холбоотой өсөлт болон валютын хэлбэлзлээс ангид органик орлого 6 хувиар өссөн нь эерэг дохио болсон юм.
Борлуулалтын өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулсан зах зээлүүдийн нэг нь Энэтхэг, Хятад, Бразил бөгөөд эдгээр бүс нутагт нэгж савлагааны борлуулалт нийт 2 хувиар өссөн байна. Түүнчлэн хийжүүлсэн ундааны борлуулалт 2 хувиар өссөн бол “Coke Zero Sugar” брэндийн борлуулалт 14 хувиар нэмэгджээ. Харин жүүс, сүү, ургамлын гаралтай ундаанууд 1 хувиар, ус, спорт ундаа, кофе, цайны сегмент 2 хувиар өссөн байна. Гэсэн ч спорт ундаа болон кофены борлуулалт харьцангуй буурсан талаар компани мэдээлсэн юм.
Гүйцэтгэх захирал Жэймс Куинси компанийн орлогын өсөлтийг дүгнэхдээ “Сэтгэл хөдлөлөөс илүү хэрэглээний бодит үйлдэлд анхаарч, үнэлгээ хийдэг” хэмээн онцолсон юм. Тэрбээр энэ жил үнийн бодлогоо өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд тарифын асуудал богино хугацаанд нөлөөлөх ч компанийн дотоодын төвлөрсөн бүтэц үүнийг нөхөж чадна гэж тайлбарлажээ.
Тариф, эдийн засгийн тодорхойгүй байдал, хэрэглэгчийн болгоомжлол зэргээс шалтгаалан орлогын таамгаа бууруулах нөхцлүүд байсан ч “Coca-Cola” “АНУ-ын дотоод зах зээлд голлон ажилладаг” онцлогоо ашиглан төсөөллөө хэвээр хадгалжээ. Хөнгөн цагаан, жүржийн шүүс зэрэг зарим түүхий эдийн үнийн өсөлт болзошгүй ч компанийн зардлын зохицуулалт боломжийн хэвээр гэж үзэж байгаа аж.
Хойд Америкийн зах зээлд хэрэглэгчийн зарим сегмент, ялангуяа супермаркет, жижиглэн худалдааны сувгуудаар дамжуулсан борлуулалт буурсан байна. Гэхдээ компанийн нийт ашиг өмнөх оны 3.18 тэрбум ам.доллараас өсөж, 3.33 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уолл Стритийн шинжээчид компанийн өсөлтийг цаашид үргэлжлэх төлөвтэй гэж үзэж байгаа ч хоёрдугаар улиралд зарим өндөр шалгууртай тулгарч болзошгүйг анхааруулжээ.