bnr-0
Хятад улс гадаад дахь нүүрсний төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлж байна
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын төрийн өмчит компаниуд Индонезид 7.7 гигаваттын нүүрсний станц барьж байна.
  • BRICS-ийн шинэ гишүүн болон түнш орнуудын эрчим хүчний бүтээн байгуулалтын 62 хувийг Хятад дэмжиж байна.
  • Ши Жиньпиний 2021 оны амлалтаас хойш Хятад 26.2 гигаваттын нүүрсний төсөлд оролцжээ.
Хятадын төрийн өмчит компаниуд Индонезид нийт 7.7 гигаваттын хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станцуудыг барьж байна.

БНХАУ 2021 онд гадаад дахь нүүрсний цахилгаан станцын төслүүдийг санхүүжүүлэхгүй талаар амласан ч уг амлалт бодит байдалтай зөрчилдөж буйг “Global Energy Monitor” байгууллагын судалгаанд дурджээ. Уг судалгаанд дурдсанаар, Хятадын төрийн өмчит компаниуд Индонезид нийт 7.7 гигаваттын хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станцуудыг барьж байгаа ба эдгээрийн ихэнх нь никелийн хайлуулах үйлдвэрүүдийг ажиллуулах зориулалттай аж.

Энэхүү судалгаа нь BRICS-ийн гишүүн болон түнш орнууд болох Индонез, Нигери, Казахстан зэрэг оронд Хятадын дэмжлэгтэйгээр эрчим хүчний олон төсөл хэрэгжиж байгааг онцолсон байна. Тухайлбал, эдгээр 10 улсад одоогоор нийт 25 гигаватт хүчин чадалтай нүүрс, газрын тос, байгалийн хийн станцууд баригдаж байгаа бөгөөд харин сэргээгдэх эрчим хүчний төслүүд ердөө 2.3 гигаваттад хүрч байгаа нь уур амьсгалын зорилттой зөрчилдөж байна гэж судлаачид онцолжээ.

Шинэ төслүүдийн 62 хувьд нь Хятадын оролцоо тодорхой хэлбэрээр илэрч байгаа ба энэ нь ихэвчлэн санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт болон тоног төхөөрөмж нийлүүлэлт хэлбэрээр хэрэгжиж буй. Харин шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцуудын 88 хувь нь БНХАУ-ын дэмжлэгтэй хэрэгжиж байгаа нь тус улсын ногоон амлалтын биелэлт болон олон улсын эрчим хүчний бодит байдал хоёрын хоорондох зөрүүг харуулж байна.

Цаг уурын өөрчлөлт BRICS-ийн энэ зун Бразилд болох дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байх төлөвтэй. Уг уулзалтаар Бразил улс бусад гишүүд, ялангуяа Хятадыг уур амьсгалын бодлогод илүү хүчтэй амлалт өгөхийг уриалж байгаа бөгөөд энэ нь мөн арваннэгдүгээр сард тус улсад болох COP30 олон улсын уур амьсгалын чуулга уулзалтын бэлтгэл хэлэлцүүлэгт тооцогдож байна.  

mobile-logo