- “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа.
- Боловсролын зээлийн сангаас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос "2+2 хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгажээ.
- Гадаадад их сургуулиа төгссөн залуус гурав хүртэлх жил тухайн улсдаа ажиллаад ирж болох уян хатан нөхцөлийг мөн тусгасан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцсэн тохиолдолд бакалаврын дөрвөн жилийн төлбөрийг боловсролын зээлийн сангаас зээлэх боломж бүрддэг байсан. Тэгвэл тус журамд шинэчлэл орж, бакалаврын дөрвөн жилийг халж байгаа аж.
Тодруулбал, оюутан 2+2 хөтөлбөр буюу сургалтын эхний хоёр жилийг эх орондоо суралцаж, сүүлийн хоёр жилийг гадаадад суралцан төгсөх юм. Өөрөөр хэлбэл дотоодын их сургуульд хоёр жил суралцаад гадаадын сургуульд хоёр жил суралцах тохиолдолд зээл олгоно. Гадаадад их сургуулиа төгссөн залуус гурав хүртэл жил тухайн улсдаа ажиллаад ирж болох уян хатан нөхцөлийг мөн тусгасан байна. Түүнчлэн гадаад их дээд сургуульд суралцсан тохиолдол зээлийн эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцөлийг тусгаж өгчээ. “Ингэснээр дотоодын дээд боловсролоо дэмжинэ мөн орон нутгийн суралцагчдад тэгш боломж олгоно гэж харж байна.Эдгээр шийдвэрийн үр дүнд төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж харж байна” гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв.
Малчны тухай хуульд малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.