- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ.
- Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар тэмдэглэв.
- Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн энэ заалт болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар тэмдэглэв.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж буй. Шалгалтын хүрээг өргөжүүлж цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа. Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстой гэлээ.
Түүнчлэн Монголбанктай хамтарч үр ашгийн тооцоо гаргахыг Сангийн яаманд үүрэг болгов. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, улс орны эдийн засагт өгөөжтэй, эрсдэл багатай, ард иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргах ёстой гэлээ. Мөн өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг татварын багц реформтой хамт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжүүлэх Ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын, санхүү тооцооллын, стратегийн орд газруудыг хариуцсан таван дэд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахаар боллоо.