- Орон сууцны үнэ 10 хувиар өсөхөд цалингийн зардал, машин механизмын түрээсийн төлбөр өссөн нь голлон нөлөөлжээ.
- Барилгын компаниуд цалингаа нэмсэн зардлаа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээж, барилгын үнэ өсөхөд гол түлхэц болжээ.

ҮСХ-оос барилгын өртгийн ерөнхий индексийг зарлалаа.
Барилгын өртгийн ерөнхий индекс 2024 оны гуравдугаар улиралд 261.6 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 4.5 хувь, өмнөх оны эцсээс 5.1 хувь, өмнөх улирлаас 0.4 хувиар тус тус өссөн байна.
Тэгвэл орон сууцны барилгын өртгийн индекс энэ хугацаанд 316.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 8.7 хувиар өсчээ. Орон сууцны барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд цалингийн зардал, машин механизмын түрээсийн зардал өссөн нь голлон нөлөөлжээ.
Орон сууцны бус барилгын өртгийн индекс 253.2 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 3.0 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны бус барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 3.0 хувиар өсөхөд цалин болон машин механизмын зардлын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс 2024 оны эхний гурван улиралд 175.8 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар буурсан байна.