- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон үүсмэл орд ашиглагч компаниудын төлөөллүүдтэй уулзлаа.
- Үүсмэл ордуудад олборлолт төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хувилбаруудыг гаргаж, орд ашиглагч хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх тухай санал солилцсон байна.
- Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэж заасан байдаг гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгджээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан болон холбогдох албаныхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон үүсмэл орд ашиглагч “Ачит ихт” ХХК , “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар үүсмэл ордуудад олборлолт, санхүү, хууль зүйн судалгаа, тооцоолол хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хувилбаруудыг гаргаж, орд ашиглагч хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх тухай санал солилцсон байна. Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг. Үндсэн хуулийн дагуу стратегийн ордоос үүссэн үүсмэл ордоос иргэд хувь эзэмшиж, үр өгөөжийг нь хүртэх ёстой. Баялгийн хуваарилалтаа шударга болгосноор, Монгол хүн эх орныхоо эрдэнэсийн өгөөжийг эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо бодитоор зориулж эхэлнэ. Тиймээс хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх ажлыг эхлүүлнэ" гэв.
Үндсэн хуулийн дагуу стратегийн ордоос үүссэн үүсмэл ордоос иргэд хувь эзэмшиж, үр өгөөжийг нь хүртэх ёстой.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг албажуулж байна. Мөн уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд гэрээ хийх нөхцөлийг бүрдүүллээ.