bnr-0
Трамп эдийн засгаа агшсанд Байденыг буруутгаж, өсөлт удаж ирнэ гэжээ
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын эдийн засаг 2025 оны эхэнд 0.3 хувиар агшсан тухай албан ёсоор мэдээлэв.
  • Дональд Трамп тарифын бодлогоо хамгаалж, Байдений “муу тоо баримт”-ыг шүүмжлэв.
  • Хувийн хэвшил 62,000 ажлын байр нэмсэн нь шинжээчдийн таамгаас хамаагүй доогуур байв.
Хэдийгээр Трамп эдийн засгийн нөхцөл байдлыг Байдентай холбон шүүмжилж байгаа ч эдийн засагчдын зүгээс агшилтын шалтгааныг илүү өргөн хүрээтэй, дотоодын болон гадаад хүчин зүйлстэй уялдуулан харж буй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны эхний улиралд эдийн засгаа агшсаныг өмнөх Ерөнхийлөгч Жо Байдений бодлоготой холбон тайлбарлав. Тэрбээр одоогийн нөхцөл байдал өөрийнх нь хэрэгжүүлж буй тарифын бодлогоос шалтгаалаагүй гэж мэдэгджээ. Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч ойрын ирээдүйд хүчтэй “тэсрэлт” ирнэ гэж итгэж байгаагаа Трамп илэрхийлсэн байна.

АНУ-ын Худалдааны яамнаас лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар 2025 оны эхний гурван сард тус улсын эдийн засаг 0.3 хувиар агшсан байна. Энэ нь улирал тутмын жилийн суурьтай тооцооллоор гарсан бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын хүлээлтээс эсрэг гарсан үзүүлэлт байлаа.

Шинэ үзүүлэлтүүд гарсны дараа Трамп өөрийн “Truth Social” платформд байр сууриа илэрхийлж, “Энэ бол Байдений хөрөнгийн зах зээл, Трампынх биш. Би дөнгөж нэгдүгээр сарын 20-нд ажлаа авсан” хэмээн онцолсон юм. Түүнчлэн тэрбээр “Тарифууд тун удахгүй үр дүнгээ өгч эхэлнэ. Компаниуд урьд хожид байгаагүй олноороо АНУ-д орж ирж байна. Манай улс тэсэрнэ. Харин эхлээд Байдений үлдээсэн 'сүүдэр'-ийг арилгах хэрэгтэй” гэв.

Тэрбээр эдийн засгийн агшилтыг тарифын бодлогоос бус, өмнөх Ерөнхийлөгч Байден “муу тоо баримт” үлдээсэнтэй холбон тайлбарласан бөгөөд “Өсөлт эхлэх үедээ өмнө байгаагүй хүчтэй болно. ТЭСВЭРТЭЙ ХҮЛЭЭ!!!” гэж мэдэгджээ.

Эдийн засгийн агшилтын мэдээлэлтэй зэрэгцэн хувийн хэвшлийн хөдөлмөрийн зах зээлийн тайлан ч тааруу үзүүлэлттэй гарлаа. ADP байгууллагын мэдээлснээр 2025 оны дөрөвдүгээр сард ердөө 62,000 ажлын байр шинээр бий болсон нь Dow Jones-ийн шинжээчдийн урьдчилсан таамаг болох 120,000-аас даруй хоёр дахин бага үзүүлэлт боллоо.

Мөн өмнөх гуравдугаар сарын ажил эрхлэлтийн үзүүлэлт 147,000 байсан ч хожим засварлан бууруулжээ. Энэ нь 2024 оны долдугаар сараас хойших хамгийн сул өсөлт бөгөөд хөдөлмөрийн зах зээлд хөрөнгө оруулагчид тун болгоомжтой хандах дохио болсон байна.

Үүний зэрэгцээ эдийн засгийн сөрөг мэдээлэл болон зарим томоохон компаниудын ашгийн үзүүлэлт доогуур байсан нь хөрөнгийн зах зээлийг ч дарамтад оруулж арилжааны явцад нөлөөлж эхэлжээ.

Хэдийгээр Трамп эдийн засгийн нөхцөл байдлыг Байдентай холбон шүүмжилж байгаа ч эдийн засагчдын зүгээс агшилтын шалтгааныг илүү өргөн хүрээтэй, дотоодын болон гадаад хүчин зүйлстэй уялдуулан харж буй юм. Эндээс үзэхэд тарифын бодлогын бодит нөлөө, эдийн засгийн сэргэлтийн хугацаа, бизнесийн хөрөнгө оруулалтын урсгал зэрэг олон талт хүчин зүйл цаашдын нөхцөл байдлыг тодорхойлохоор байна.   

mobile-logo