bnr-0
Тарифын талаар “Apple” компанийн захирал Тим Кукийн байр суурь анхаарал татаж байна
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Тим Кукийн тарифын талаарх анхны байр суурь хөрөнгө оруулагчдын гол анхааралд байна.
  • Тарифын нөлөө “Apple”-ийн ашгийн 6 хувийг “залгих” магадлалтай гэж шинжээчид тооцжээ.
  • “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж Хятадын эрсдэлийг бууруулах стратеги хэрэгжүүлж эхэлсэн бололтой.
Хэрэв “Apple” АНУ-д үйлдвэрлэлээ бүрэн явуулбал iPhone борлуулах үнэ зарим тооцоогоор 3,500 ам.доллар хүрч мэдэх аж.

“Apple” компанийн 2025 оны эхний улирлын санхүүгийн тайланг удахгүй олон нийтэд танилцуулна. Гэхдээ энэ удаад iPhone-ийн борлуулалтаас илүү гүйцэтгэх захирал Тим Кукийн байр суурь Уолл Стритийн анхаарлын төвд байна. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трампын өндөр тарифын нөлөөнд хамгийн их өртөж буй томоохон компаниудын нэг нь “Apple” болоод байгаа юм.

“TD Cowen” компанийн тооцоогоор шинээр тогтоосон тарифууд “Apple”-ийн жилийн ашгаас 6 хувийг мэрж болзошгүй аж. Тус компани өнгөрсөн санхүүгийн жилд 94 тэрбум ам.долларын ашигтай ажилласан юм. “Apple”-ийн хувьд бараг бүх бүтээгдэхүүнээ Азид, ялангуяа Хятадад үйлдвэрлэдэг учраас АНУ-д чиглэсэн тариф ноцтой дарамт болохоор байгаа юм. “Apple”-ийн орлогын гуравны хоёроос илүүг iPhone, Mac, Apple Watch зэрэг бараа бүрдүүлдэг бөгөөд АНУ хамгийн том зах зээл хэвээр байна.

“Morgan Stanley” банкны шинжээч Эрик Вүүдрингийн тайлбарласнаар “Apple” бүтээгдэхүүний үнээ нэмэх үү, эсвэл өөр дээрээ тарифын өртгийг үүрэх үү гэдэг шийдвэр зах зээлд хүчтэй дохио өгөхөөр байна. Тэр дундаа тус компанийн Хятадаас хамаарах хамаарлыг хэрхэн бууруулах талаар Кукийн ярих зүйл хөрөнгө оруулагчдад чиг баримжаа болох хүлээлттэй буй юм.

Сүүлийн үеийн мэдээллээр “Apple” Энэтхэгээс илүү их хэмжээний iPhone-ийг АНУ-д экспортлох бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Энэтхэгт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 10 хувийн тарифтай бол Хятадаас эхтэй бүтээгдэхүүн 145 хувийн тарифтай юм. “Apple” 2017 оноос хойш Энэтхэгт үйл ажиллагаа явуулж байгаа ч саяхнаас л арилжааны ач холбогдол өгөхүйц хэмжээнд хүрч эхэлж байна. “TD Cowen”-ын шинжээч Криш Санкарын хэлснээр Энэтхэгээс 25 сая ширхэг iPhone одоогоор экспортлох боломжтой ч нийт хүчин чадлыг 50 саяд хүргэхэд нэг жил шаардагдах ажээ. Харьцуулахад АНУ-ын зах зээлд гэхэд энэ онд 65–70 сая ширхэг iPhone борлуулна гэж үзэж байгаа юм.

Тим Кук өмнө нь тарифын талаар тодорхой байр суурь огт илэрхийлээгүй. Ерөнхийдөө “ажиглаж байна” гэсэн богино мэдэгдэл хийж байсан. Трампын засаг захиргаа “Apple”-ийг үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлэхийг шахаж байхад ч компанийн удирдлагууд таг дуугүй байсаар ирсэн байдаг. iPhone-ийг Америкт үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж Цагаан ордныхон мэдэгдсэн ч харин шинжээчид үнэтэй бөгөөд техникийн хувьд хүндрэлтэй гэж тайлбарлаж байгаа юм. Хэрэв “Apple” АНУ-д үйлдвэрлэлээ бүрэн явуулбал iPhone борлуулах үнэ зарим тооцоогоор 3,500 ам.доллар хүрч мэдэх аж.

“Apple”-ийн хувьд Хятадын зах зээл ч сорилт болж хувираад байна. “Huawei” зэрэг үндэсний брэндүүд эрчимтэй өсөж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдөж улам бүр үндэсний бүтээгдэхүүн руу хошуурах хандлага ажиглагдаж байна. “Forrester” судалгааны байгууллагын ахлах шинжээч Дипанджан Чаттержи “Apple Хятадаас гарах алхам хийвэл тус улсын хэрэглэгчид сөрөг хүлээж авах магадлалтай. Тиймээс тус компани харьцангуй болгоомжтой байх болно” хэмээн онцоллоо.

“Apple”-ийн санхүүгийн тайланд шинжээчид 94.19 тэрбум ам.долларын борлуулалт, нэгж хувьцаанд 1.62 ам.долларын ашигтай байх хүлээлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.   

mobile-logo