- “Nvidia”-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Хятад улс хиймэл оюуны салбарт АНУ-аас хоцроогүй, хоёр улс тун ойролцоо түвшинд явж байна хэмээн мэдэгдлээ.
- “Nvidia” нь хиймэл оюуны өндөр хөгжүүлэлт шаардсан системүүдийн гол чип нийлүүлэгч.
- Тус компани энэ сарын эхээр “Foxconn” компанитай хамтран Техас мужид хиймэл оюуны сервер угсрах үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг “Хиймэл оюуны салбарт Хятад улс АНУ-аас хоцроогүй. Харин ч хоёр улс маш ойролцоо түвшинд байна” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Huawei”-г дэлхийн технологийн хамгийн хүчирхэг компаниудын нэг хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Хуанг Вашингтонд болсон технологийн бага хурал дээр хэлэхдээ, хиймэл оюуны салбар бол “урт хугацааны, тасралтгүй уралдаан” гэдгийг сануулж, одоогоор АНУ жаахан түрүүлж яваа ч энэ зөрүү маш бага байгааг онцоллоо.
“Nvidia” нь хиймэл оюуны өндөр хөгжүүлэлт шаардсан системүүдийн гол чип нийлүүлэгч болоод байгаа ч АНУ-ын тариф, экспортын хязгаарлалт зэрэг бодлогын саадтай тулгарсаар байна. Тухайлбал, Байден болон Трампын засаг захиргаа тус компанийн H20 хиймэл оюуны чипийг Хятадад лицензгүйгээр нийлүүлэхийг хориглосон нь “Nvidia”-д 5.5 тэрбум ам.долларын алдагдал үүсгэж болзошгүй байгаа аж.
Хар жагсаалтад багтсан “Huawei” компани ч мөн дотоодын хэрэглэгчдэдээ зориулан хиймэл оюуны чип хөгжүүлж буй бөгөөд сүүлийн жилүүдэд тооцоолол болон сүлжээний технологийн чиглэлээр томоохон дэвшил гаргасан гэдгийг Хуанг үнэлсэн байна.
Түүнчлэн тэрбээр АНУ технологийн салбар дахь тэргүүлэх байр сууриа хадгалахыг хүсэж байгаа бол гадаад худалдааг хориглохын оронд дотоодын компаниудаа өрсөлдөх чадвартай байлгах, хиймэл оюуны хөгжлийг дэмжих бодлоготой байх ёстой гэдгийг онцолжээ.
“Nvidia” энэ сарын эхээр “Foxconn” компанитай хамтран Техас мужид хиймэл оюуны сервер угсрах үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд Хуанг “Америкийн нөөц боломж, хүсэл зоригоор дотооддоо үйлдвэрлэлээ өргөжүүлэх бүрэн боломжтой” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн онд бараг гурав дахин өссөн “Nvidia”-ийн хувьцааны ханш энэ онд 20 хувиар буурч, зах зээлийн хэлбэлзэлд өртөөд байна.