Тарифын дайн: АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан бүрэн шийдвэрлэгдэхгүй байж болзошгүй
08 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ, Хятад харилцан өндөр татвар ногдуулах хугацааг дахин 90 хоногоор сунгах шийдвэрт хүрсэн ч талуудын худалдааны маргаан үргэлжилсэн хэвээр байна.
  • АНУ-аас Хятадын технологийн экспортод хязгаарлалт тавьсан нь хэлэлцээний гол зөрчилдөөнтэй асуудал хэвээр байна.
  • Талуудын эцсийн шийдвэр худалдааны маргааныг бүрэн шийдвэрлэх боломжгүй байж болзошгүйг шинжээчид онцолж байна.
Талуудын эцсийн шийдвэр худалдааны маргааныг бүрэн шийдвэрлэх боломжгүй байж болзошгүй.

АНУ болон Хятадын төлөөлөгчид зөвшилцөж, хоёр улс харилцан өндөр татвар ногдуулах хугацааг дахин 90 хоногоор сунгах шийдвэрт хүрсэн ч талуудын худалдааны маргаан үргэлжилсэн хэвээр байна. 

Хятадын талаас АНУ-д нийлүүлж буй техник, технологийн хязгаарлалт, бараа бүтээгдэхүүний импортын татвар болон Хятадын компаниудад тавьсан хоригийг цуцлуулах талаар хатуу байр суурь баримталж байгаа бол АНУ-ын зүгээс гадаад худалдааны алдагдлаа бууруулахыг тэргүүнд тавьсаар байна.

“Peterson Institute for International Economics”-ийн мэдээлснээр, Хятадын АНУ-д хийх экспортод 54.9 хувийн татвар ногдож байгаа бол АНУ-аас Хятадад нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд 32.6 хувийн татвар ногдож байгаа ажээ.

АНУ-аас Хятадын технологийн экспортод хязгаарлалт тавьсан нь хэлэлцээний гол зөрчилдөөнтэй асуудал хэвээр байна. АНУ нь хиймэл оюунд чухал үүрэгтэй чипийн экспортыг хязгаарлаж байгаа ба эдгээр нь Хятадын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой юм. 

Түүнчлэн  АНУ-ын өндөр технологийн аж үйлдвэр дэх газрын ховор элементийн нийлүүлэлтэд Хятад улс томоохон байр суурь эзэлдгээрээ давуу талтай. Хятад улс 2025 оны зургадугаар сард эдгээр элементийн экспортын хоригийг сулруулж, экспортын зөвшөөрөл олгох процессоо түргэтгэснээр газрын ховор элементийн экспорт зургадугаар сард 7,742 тонн хүрч,  2012 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон бол АНУ дахь нийлүүлэлт өмнөх сараас долоо дахин нэмэгдэж, 353 тоннд хүрсэн байна.

Энэ оны сүүлчээр хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг Бээжин хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч талууд ашигтай тохиролцоонд хүрэхийн тулд урт хугацааны, сайтар төлөвлөсөн хэлэлцээ хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Харин энэ тухайд “China Moon Strategies” компанийн ерөнхийлөгч, Жэфф Мүүн “Талуудын эцсийн шийдвэр худалдааны маргааныг бүрэн шийдвэрлэх боломжгүй байж мэднэ” гэх байр суурийг илэрхийллээ.  

mobile-logo