bnr-0
Илон Маскийг солихоор “Tesla”-ийн ТУЗ шинэ захирал хайж эхэлжээ
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Tesla компанийн ашиг 71 хувиар унасны дараа ТУЗ гүйцэтгэх захирлын залгамжлагчаар ажиллах хүнийг хайж эхэлжээ.
  • Илон Маск Вашингтонд Трампын бодлогын зөвлөлдөх уулзалтад оролцох нь нэмэгдэж компанидаа зарцуулах цаг нь багассан тухай шүүмжлэл ихсэв.
  • Зах зээлд энэхүү мэдээлэл гарсны дараа Tesla компаниас мэдэгдэл гарган үгүйсгэсэн байна.
Илон Маск сүүлийн саруудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Вашингтонд ихэнх цагаа өнгөрөөж байгаа нь Tesla компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхлээд буй юм.

Tesla компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн сараас эхлэн гүйцэтгэх захирал Илон Маскийн оронд ажиллах боломжтой захирлыг эрэлхийлж эхэлжээ. Энэ алхам нь компанийн борлуулалт, ашиг огцом буурсан үед яригдаж байгаа бөгөөд дотоод эх сурвалжуудын мэдээлснээр хэд хэдэн нэр дэвшигчийг судалж эхэлсэн байна.

Илон Маск сүүлийн саруудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Вашингтонд ихэнх цагаа өнгөрөөж байгаа нь Tesla компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхлээд буй юм. Үүнтэй холбогдуулан ТУЗ-ийн гишүүд Масктай уулзалт хийж, түүнийг компанидаа илүү анхаарал хандуулах шаардлагатайг онцолж, олон нийтэд ч энэ талаар мэдэгдэх ёстойг сануулсан байна. Маск уг шаардлагад эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Tesla-д анхаарлаа хандуулна гэж амласан талаар эх сурвалжууд хэлжээ.

Гэсэн ч компанийн санхүүгийн үзүүлэлт улам дордож байгаа нь залгамжлагчийн эрэл илүү бодитой асуудал болж хувирахад нөлөөлөөд байна. 2025 оны эхний улиралд Tesla-ийн ашиг 71 хувиар буурч, нийт орлого нь 9 хувиар агшсан бол АНУ, Хятад, Герман зэрэг гол зах зээлд автомашины эрэлт суларсан нь борлуулалтад шууд нөлөөлсөн байна.

Tesla-ийн хувьд Илон Маскийг орлох хүн олох нь амаргүй асуудал боловч компанийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд удирдлагын шинэ бүтэц бүрдүүлэх хэрэгцээ тулгарсан байна. Илон Маск компанийн нүүр царай, стратегийн гол хөдөлгөгч хүч хэвээрээ байгаа ч бодит байдал дээр удирдлагын баг өөрчлөгдөхөд бэлтгэх шаардлага бий болсныг энэ үйл явдал харуулж байна. 

Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, зах зээлд энэхүү мэдээлэл түгсэний дараа Tesla компаниас өнөөдөр буюу 5-р сарын 1-нд албан ёсны мэдэгдэл гарган няцаасан байна. Тус компанийн мэдэгдэлд "Төлөөлөн удирдах зөвлөл нь Илон Маскийн өсөлтийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх ур чадварт итгэлтэй байна" гэж дурджээ.    

mobile-logo