- “Apple” компани есдүгээр сарын 12 эсвэл 19-ний өдөр iPhone 17 шинэ загварын гар утсаа танилцуулах төлөвтэй байна.
- Тухайн шинэ загварын гар утас нь АНУ-ын зах зээлд төсөөлснөөс илүү өндөр үнээр худалдаалагдах төлөвтэй байна.
- Шинэ загварын iPhone 17 нь 849 ам.доллароор, iPhone 17 Pro Max загвар 1,249 ам.долларын үнэд хүрэх магадлалтай.

“Apple” компани олон улсын худалдаа, эдийн засгийн тодорхойгүй байдлын үед ирэх есдүгээр сард шинэ загварын iPhone 17 гар утсаа олон нийтэд танилцуулах төлөвтэй байна. Тухайн бүтээгдэхүүнийг уламжлал ёсоор есдүгээр сард, пүрэв гарагт буюу ирэх сарын 12 эсвэл 19-ний өдөр танилцуулах төлөвтэй ба үүнд хамгийн сүүлийн үеийн iOS 26 үйлдлийн системтэй iPhone 17 цувралын дөрвөн загвар багтах аж.
Хэдий “Apple” компанийн хэрэглэгчдийн дунд томоохон хүлээлт үүсээд байгаа ч АНУ-ын зах зээлд тухайн загвар нь төсөөлснөөс илүү өндөр үнээр худалдаалагдах төлөвтэй байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Apple” компанийн томоохон үйлдвэрүүд байрладаг Энэтхэг, Хятадаас АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг өсгөөд буй.
Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадад үйлдвэрлэсэн iPhone бүрт 20 хувийн татвар ногдуулснаар шинэ загварын iPhone 17 нь 849 ам.доллароос эхлэх бол, iPhone 17 Pro Max загвар 1,249 ам.доллароор худалдаалагдах магадлалтай байна.
Дональд Трампын засаг захиргааны татварын бодлогын хариуд “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр 100 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийг АНУ-д төвлөрүүлэхээ амлаж, хэсэгчилсэн татварын хөнгөлөлт эдлэхээр тохироод буй. Энэхүү шийдвэр нь “Apple” компанийн Хятадад үйлдвэрлэсэн iPhone загварын гар утсанд ногдох 20 хувийн татварын дарамтыг хэсэгчлэн бууруулах, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой хадгалахад чиглэсэн юм.