bnr-0
Өнөөдөр Төв талбай болон орон даяар хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Шүүх, прокурор, өмгөөллийн 20 гаруй байгууллага оролцож, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч байна.
  • Зөвлөгөө өгөх цэгүүдийг нийслэлийн алслагдсан хороод, шүүхийн гадна талбай, нэгдсэн үйлчилгээний төвүүд, Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төвд байгуулжээ.
  • Иргэд өдөр тутмын эрх зүйн асуудлаар газар дээр нь үнэ төлбөргүй зөвлөгөө өнөөдөр авах боломжтой.
Иргэд санал хүсэлтээ шууд илэрхийлэх болон тулгарч буй асуудлаараа мэргэжлийн зөвлөгөө авах нөхцөл бүрдүүлсэн цэгүүдийг Сүхбаатарын талбайд байгуулсан нь онцлог болж байна.

Иргэд хууль зүйн туслалцаа авахад төвөгтэй, зардалтай, хол зайтай гэх бэрхшээлүүдийг арилгах зорилгоор нийслэл болон орон даяар өргөн хүрээтэй хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Олон нийтийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх энэ арга хэмжээнд шүүх, прокурор, цагдаа, өмгөөллийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод, их дээд сургуулийн төлөөлөл зэрэг 20 гаруй байгууллага оролцож байгаа юм.

Иргэд санал хүсэлтээ шууд илэрхийлэх болон тулгарч буй асуудлаараа мэргэжлийн зөвлөгөө авах нөхцөл бүрдүүлсэн цэгүүдийг Сүхбаатарын талбайд байгуулсан нь онцлог болж байна. Түүнчлэн зөвхөн Улаанбаатарт төдийгүй бүх 21 аймгийн төвд ижил үйлчилгээг зэрэг зохион байгуулж, орон нутгийн иргэдэд тэгш боломж олгож байгаа ажээ.

Нийслэлд зөвлөгөө өгөх цэгүүдийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алслагдсан 10 хороонд мөн байршуулсан бөгөөд Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборын “Б” блок, Мишээл, Дүнжингарав, 3-р хорооллын Еарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд дээр хууль зүйн зөвлөгөө өгч байна. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн гадна талбайд ч өмгөөлөгчид ажиллаж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, өвлөх эрх, үл хөдлөх хөрөнгө, өр зээл зэрэг иргэдийн өдөр тутамд тулгардаг асуудлуудаар иргэд зөвлөгөө авч болох бөгөөд мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нар газар дээр нь үнэ төлбөргүй зөвлөгөө, тайлбар өгч байгаа аж.

Энэхүү ажил нь хууль зүйн туслалцааг бүх нийтэд хүртээмжтэй болгох, иргэдийн эрхээ хамгаалах чадварыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг ил тод, нээлттэй болгоход чиглэж буйг зохион байгуулагчид онцолж байна.  

mobile-logo