- Meta компани Llama загварт суурилсан хиймэл оюуны тусгай апп нэвтрүүллээ.
- Meta AI сар бүр 700 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд энэ тоог 1 тэрбумд хүргэх зорилготой байна.
- Энэ шинэ алхам нь ChatGPT, Gemini, Grok зэрэг өрсөлдөгчийг чиглэсэн хүчтэй алхам болж байна.

Meta Platforms компани хиймэл оюуны салбарт байр сууриа илүү тодорхой болгох томоохон алхам хийж бие даасан шинэ апп албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү шинэ үйлчилгээ нь хэрэглэгчтэй харилцаж бүтээлч ажилд тусалдаг туслах байдлаар ажиллах бөгөөд компанийн өөрийн боловсруулсан Llama загварт суурилж буйгаараа онцлогтой юм.
Meta компанийн апп зөвхөн OpenAI-ийн ChatGPT бус, мөн Google-ийн Gemini, Илон Маскийн xAI компанийн Grok, Anthropic-ийн Claude зэрэг томоохон өрсөлдөгчтэй шууд хүч үзэх болж байна. “Discover” нэртэй функцээр дамжуулан хэрэглэгчид бусад хүмүүсийн туршлагаас суралцаж санаа авах боломжтой бөгөөд энэ нь харилцан үйлдлийг илүү идэвхжүүлэх зорилготой ажээ.
Meta AI-ийг анх 2023 оны есдүгээр сард чатбот хэлбэрээр Facebook, Instagram, WhatsApp, Messenger зэрэг гол платформууддаа нэвтрүүлж байсан юм. Харин 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн эдгээр платформын хайлтын системд Meta AI-ийг гол хэрэглээнд нэгтгэснээр хэрэглэгчийн туршлагыг гүнзгийрүүлсэн юм.
Компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг 2025 оныг “Хиймэл оюуны туслахуудын тэсрэлтийн жил болгоно” хэмээн тодорхойлж, Meta AI-ийг 1 тэрбум хэрэглэгч хүрэхүйц хэмжээний платформ болгоно гэж мэдэгдэж байсан. Энэ зорилгодоо хүрэх эхний алхмууд хэдийнэ хийгдэж эхэлсэн нь тус компанийн бие даасан аппликэйшнийн танилцуулгаас харагдаж байна.
Metaс компанийн санхүүгийн захирал Сьюзан Ли 2025 оны эхээр мэдээлэл хийхдээ Meta AI-ийг сар бүр 700 сая хүн ашиглаж байгааг онцлоод 2024 оны арванхоёрдугаар сарын тоон мэдээ болох 600 сая хэрэглэгчээс мэдэгдэхүйц өссөн болохыг онцолж байв.
Шинэ аппликэйшнийн нээлт нь Google, xAI-ийн хиймэл оюуны туслахуудтай адил төстэй стратеги баримталж буйг харуулж байгаа бөгөөд энэ нь Meta компанийн хиймэл оюун төвтэй ирээдүйн хэрэглээний экосистемийг бүрдүүлэх том зорилгын нэг хэсэг болж байна.
Түүнчлэн Meta энэ долоо хоногт Калифорни мужийн Менло Паркт байрлах төв байрандаа анхны “LlamaCon” нэртэй хөгжүүлэгчдийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь компанийн Llama хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэгчдэд чиглэсэн бөгөөд олон нийтэд нээлттэй технологийн томоохон цугларалт болсон юм.
Meta хиймэл оюуны салбарт эрчимтэй хөрөнгө оруулж буйг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа бөгөөд компанийн мэдээлснээр зөвхөн 2025 онд хиймэл оюуны дэд бүтцэд зориулж 65 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Meta компанийн хувьд зөвхөн технологийн өрсөлдөөн бус ирээдүйн орлого, инновацын үндэс суурийг тавьж буй стратегийн алхам болж байна.