
Премиум Нэксус компанийн CU конвиниенс дэлгүүр 2025 оны Retail Asia Awards-аас "Convenience store of the year - Mongolia” шагнал хүртлээ. Retail Asia Awards нь Ази-Номхон далайн бүс нутагт жижиглэнгийн худалдааны салбарт гаргасан онцгой амжилт, шинэлэг санаа, шилдэг туршлагыг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.
Монголын жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Премиум Нэксус компани нь Монголын зах зээлд конвиниенс дэлгүүрийн бизнесийг анхлан нэвтрүүлж, нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтэц, хүнс үйлдвэрлэл, технологийн чиглэлд стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар амжилттай экосистемийг бүтээн байгуулж буй.
Премиум Нэксус компани нь 2018 онд Өмнөд Солонгосын Би Жи Эф Ритэйл компаниас CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрхийг хүлээн авч, CU брэндийн Монгол дахь үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.
Тус компани өдгөө орон даяар 480 гаруй салбар дэлгүүртэй, Монгол Улсын жижиглэн худалдааны хамгийн том компани болон өргөжсөн байна.
Премиум Нэксус компанийн 2021-2024 оны орлогын жилийн дундаж өсөлт нь 75 хувьтай гарч, үсрэнгүй амжилт үзүүлээд буй. Энэхүү өсөлтийн үр дүнд хөдөлмөрийн зах зээлд 3,500 гаруй ажлын байр шинээр бий болсон бөгөөд нийт ажилчдын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Өнөөдөр CU конвиниенс дэлгүүр нь зөвхөн жижиглэн худалдаа эрхлээд зогсохгүй, хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Монгол Улсын нийт хүн амын 5.7 хувь буюу өдөр бүр 200,000 гаруй хүн тус дэлгүүрээр үйлчлүүлдэг аж. Түүнчлэн, CU брэнд нь Монголын нийгэмд олон жилийн турш шийдэл хүлээсэн нийтийн ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэж, 400 гаруй ариун цэврийн өрөө байгуулснаар иргэдэд илүү тав тухтай орчин бүрдүүлсэн.
Үүгээр зогсохгүй, оюутан залууст суралцахын хажуугаар орлого олох боломжийг бүрдүүлж, уян хатан цагийн хуваарьтай албан ёсны ажлын байраар хангаж байгаа юм. Тус компанийн цагийн ажилтнуудын дийлэнх буюу 92 хувийг оюутнууд эзэлдэг.
Премиум Нэксус компанийн технологид суурилсан хөрөнгө оруулалтын үр дүнд CU аппликейшн болон CU Pay үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Уг үйлчилгээнүүд хэрэглээнд нэвтэрснээр оноо цуглуулах, цаасгүй цахим баримт авах, Е-баримт автоматаар бүртгүүлэх боломжтой болж, хэрэглэгчийн худалдан авалт хийх хурд 10 дахин нэмэгджээ.
CU конвиниенс дэлгүүрийн эко системийн тэлэлт нь хэрэглэгчдээс гадна орон нутгийн үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдааны компаниудад хүйтэн хэлхээний дэвшилтэт технологи ашиглан бүтээгдэхүүнийг тогтвортой, үр ашигтай хүргэх замаар хамтран ажиллах боломжийг олгож байна.