- Meta компани 2014 онд WhatsApp-ийг 19 тэрбум ам.доллароор худалдан авснаас хойш 11 жилийн дараа анх удаа уг платформ дээр зар сурталчилгаа байршуулж эхэлж байна.
- WhatsApp-д сард 3 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгч байдаг бол үүний 100 сая гаруй хэрэглэгч нь зөвхөн АНУ-д төвлөрч байна.
- Бизнес эрхлэгчид WhatsApp-ийн “Updates” (Шинэчлэлтүүд) хэсэгт зар байршуулж, хэрэглэгчидтэй мессежээр харилцах боломжтой болж байна.

Meta компани 2014 онд WhatsApp-ийг 19 тэрбум ам.доллароор худалдан авснаас хойш 11 жилийн дараа анх удаа уг платформ дээр зар сурталчилгаа байршуулж эхэлж байна. Энэ нь анхнаасаа зар сурталчилгааг эсэргүүцэж байсан WhatsApp-ийн хувьд томоохон өөрчлөлт болж буй.
Meta компанийн мэдэгдсэнээр, бизнес эрхлэгчид WhatsApp-ийн “Updates” (Шинэчлэлтүүд) хэсэгт статус зар байршуулж, хэрэглэгчидтэй мессежээр харилцах боломжтой болж байна. Эдгээр зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн хувийн чатуудаас тусгаарлагдан зөвхөн "Updates" хэсэгт харагдах юм. Үүнээс гадна, Меta компани WhatsApp-ийн “Channels” (Суваг) функцийг мөн орлого олох шинэ хэрэгслээр ашиглаж, хайлтын сурталчилгаа болон захиалгын төлбөрийн систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Меtа компани аль хэдийнээ Facebook болон Instagram дээр “click-to-message” буюу дарж мессеж илгээдэг сурталчилгааг ашиглан хэрэглэгчдийг WhatsApp руу чиглүүлдэг болсон. “Хэрэглэгчид болон брэндүүдийн хоорондын мессеж харилцаа нь манай бизнесийн дараагийн багана байх ёстой” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг дурджээ. WhatsApp-д сард 3 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгч байдаг бол үүний 100 сая гаруй хэрэглэгч нь зөвхөн АНУ-д төвлөрч байна.
Одоо бизнесүүд шууд WhatsApp дотор сурталчилгаа байршуулж болох бөгөөд эдгээр нь “Status” функцээр дамжуулан 24 цагийн дараа устдаг зураг, видео болон текст хуваалцдаг Updates хэсэг дотор харагдана. Энэ нь Instagram-ийн Stories-тэй төстэй функц юм.
2014 оноос хойш дэлхий даяар хэрэглэгчдийн тоо өссөөр ирсэн ч WhatsApp нь өмнө нь огт зар сурталчилгаа нэвтрүүлээгүй цорын ганц том платформ хэвээр байлаа. Тус платформын үндэслэгчид Ян Кум, Брайан Актон нар зар сурталчилгааны салбарыг олон нийтэд шүүмжилж байсан бөгөөд тэд Facebook компанийн зүгээс зар болон өөр орлогын аргууд нэвтрүүлэх гэсэн оролдлоготой санал зөрөлдөж, тус компанийг орхисон түүхтэй.