“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжаа нэг сарын дотор хагас жилийн дүнгээ давлаа
08 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байна.
  • Мөн тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.
  • Онцгой дэглэм тогтоосноос хойш олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагаа сэргэв.
Тус компанийн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр борлуулсан нүүрсний экспорт долдугаар сард 268.7 мянган тоннд хүрч, эргэн сэргэв.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилж, онцгой дэглэм тогтоосноор олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагаа сэргэв. Гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, БЭТ томилон ажиллуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хагаст нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар ердөө 1.3 сая тонн нүүрс борлуулаад байжээ. Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долдугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болж өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долдугаар сараас наймдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулав.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургадугаар сард 132.8 мянган тоннд болтлоо буураад байсан бол өнгөрөгч долдугаар сард 268.7 мянган тоннд хүрч хоёр дахин нэмэгдэв.

Засгийн газрын мэдээллээр 2025 оны зургадугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дансанд 90 сая ам.доллар орсон бол 2025 оны долоо болон наймдугаар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орсон байна.   

mobile-logo