Авлигын эсрэг хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнг тогтмол Засгийн газрын хуралдаанаар танилцуулдаг болно
08 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлын явц, дүнг 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг болно.
  • Тус үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хүлээлээ.
  • НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын бага хуралд Монгол Улс оролцоно.
Катар Улсын Доха хотноо энэ оны арванхоёрдугаар сарын 15-19-нд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын бага хурал болно.

Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын явц, дүнг 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгав.

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайд Захирамж гаргалаа. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө баталлаа.

Катар Улсын Доха хотноо энэ оны арванхоёрдугаар сарын 15-19-нд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын бага хурал болно. Тус хурлаар Монгол Улсын санаачлах “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаар даалгасан байна.  

mobile-logo