- АНУ руу хийж буй Хятадын экспорт 2027 он гэхэд 485 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна.
- Мөн АНУ-аас Хятад руу хийх экспорт 101 тэрбум ам.доллароор буурах тооцооллыг гаргажээ.
- Хятадын үйлдвэрлэлээс хамаарал бүхий Вьетнам, БНСУ зэрэг улсын АНУ руу хийх экспорт мөн буурах хандлагатай бол Канад, Мексик, Их Британийн хувьд экспорт нь өсөх төлөвтэй байна.

БНХАУ–аас АНУ-д хийх экспорт 2027 он гэхэд нийт 485 тэрбум ам.доллар буюу бараг хагас их наяд ам.доллароор буурах төлөвтэй байгааг “Observatory of Economic Complexity” байгууллагаас танилцууллаа.
Хоёр улсын худалдааны маргаан, харилцан тарифыг шийдвэрлэх уулзалт өнгөрсөн даваа гарагт Стокгольмд болж өнгөрсөн хэдий ч шийдэлд хүрээгүй байна. Улмаар АНУ-ын зүгээс БНХАУ-д өндөр түвшний тариф ногдуулах хугацааг дахин 90 хоногоор хойшлуулахаар шийдвэрлээд буй. Одоогоор АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 51 хувийн татвар, харин Хятад улс Америкийн бүтээгдэхүүнд 32.6 хувийн татвар ногдуулж байгаа юм.
Импортын татварын хувь хэмжээг энэ түвшинд цаашид хадгалбал АНУ руу хийж буй Хятадын экспорт 2027 он гэхэд 485 тэрбум ам.доллароор, харин АНУ-аас Хятад руу хийх экспорт 101 тэрбум ам.доллароор буурах төлөвтэйг OEC байгууллагаас тарифын симуляторын тооцооллоор гаргажээ.
Түүнчлэн Хятад төдийгүй, тус улсын үйлдвэрлэлийн эдийн засагтай харилцан хамаарал бүхий зарим улсын эдийн засагт энэ нь нөлөөлөх төлөвтэй байна. Тухайлбал, Вьетнамын экспорт 102 тэрбум ам.доллароор буурах тооцоололтой байгаа бол Өмнөд Солонгосоос АНУ-д хийх экспорт мөн 49 тэрбум ам.доллароор агших хүлээлттэй байна. Үүнд Хятадад үйлдвэрлэсэн телевизийн тоног төхөөрөмж, компьютерууд болон Өмнөд Солонгосын автомашины нийлүүлэлт голчлон өртөх аж.
Гэсэн хэдий ч АНУ Хятадаас авах бараа бүтээгдэхүүний импорт багасаж байгаатай зэрэгцэн, Канад, Мексик, Их Британи зэрэг орноос авах импортын хэмжээ өсөж, тэдгээр орнуудын эдийн засагт ашиг авчирч магадгүй аж.
Хэдий өндөр хэмжээний татвар ногдуулсан ч 2027 он гэхэд АНУ-д нийлүүлэх Канадын экспортын орлого 128 тэрбум ам доллароор өсөх төлөвтэй бол, Мексикийн экспорт 77 тэрбумаар, харин Их Британийн экспорт 23 тэрбум ам.доллароор дээшлэх магадлалтай байна.
АНУ-ын Худалдааны сайд асан Карлос Гутьеррез “Протекционизм нь эдийн засгийг үргэлж хамгаалж чадахгүй” гэдгийг онцолж, “Байнгын өндөр татвар болон худалдааны тодорхойгүй байдал нь АНУ-ын үйлдвэрлэгчид, жижиглэнгийн худалдаачдад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай” хэмээн сэрэмжлүүллээ.