- Cүүлийн жилүүдэд OpenAI-ийн DALL-E, Google-ийн Veo болон Midjourney зэрэг хиймэл оюунаар зураг үүсгэгч хэд хэдэн хэрэгсэл зах зээлд нэвтрээд буй.
- Түүнчлэн судалгаагаар АНУ дахь зар сурталчилгааны агентлагуудын 60 гаруй хувь нь хиймэл оюун хэрэглэж байгаа бол 30 гаруй хувь нь хэрэглэх боломжуудыг судалж буй нь тогтоогдсон байна.
- “Publicis” группийн тэргүүн Морис Левигийн хувьд хүмүүс хиймэл оюуныг ажлын бүтээмж дээшлүүлэх, нэмэлт багаж хэрэгслээс хэтрүүлэн үзэж болохгүйг онцлов.

Хиймэл оюун зар сурталчилгааны салбарыг донсолгож, хөрөнгө оруулагчид эргэлзэж эхлээд байна. Энэхүү нөхцөл байдал тасралтгүй шинэчлэгдэж буй хиймэл оюуны хэрэгслүүд аливаа контентыг асар хурдтай үйлдвэрлэж эхэлснээс үүдэлтэй. Тухайлбал, сүүлийн жилүүдэд OpenAI-ийн DALL-E, Google-ийн Veo болон Midjourney зэрэг хиймэл оюунаар зураг үүсгэгч хэд хэдэн хэрэгсэл зах зээлд нэвтрээд буй.
“Ирээдүйд хамгийн шилдэг хуульч, сэтгэл судлаач, нягтлан, болоод маркетингийн мэргэжилтнүүдийг хиймэл оюун орлож, эсвэл түүгээр туслуулах болно” хэмээн Их Британийн зар сурталчилгааны “WPP” группийн гүйцэтгэх захирал Марк Рид Лондон хотын технологийн өдөрлөг дээр хэлжээ. Үүний жишээ болгож “WPP” группийн 50 мянга гаруй ажилтан “WPP Open” хэмээх тус компанийн өөрсдийн хиймэл оюуны платформыг ашиглаж хэвшжээ.
Түүнчлэн судалгаагаар АНУ дахь зар сурталчилгааны агентлагуудын 60 гаруй хувь нь хиймэл оюун хэрэглэж байгаа бол 30 гаруй хувь нь хэрэглэх боломжуудыг судалж буй нь тогтоогдсон байна.
Хиймэл оюун нь хэрэглэгч тус бүрд тохирсон өвөрмөц шийдлийг санал болгох, “маркетинг” гэх нэг хэвийн тодорхойлолтыг эвдэж, тухайн брэндийг шинэлэг байдлаар ондоошуулахад туслах хэрэгсэл байвал зохимжтой
Гэвч “Publicis” группийн тэргүүн Морис Левигийн хувьд хүмүүс хиймэл оюуныг ажлын бүтээмж дээшлүүлэх, нэмэлт багаж хэрэгслээс хэтрүүлэн үзэж болохгүйг онцлов. Учир нь хиймэл оюун зарим ажлын байрыг үгүй хийх ч түүнийгээ дагаад зарим ажлын байрыг шинэчлэх мөн шинэ ажлын байр үүсгэх боломжтой. Тэрбээр энэ нь интернэт, ухаалаг гар утас зэрэг өмнөх үеийн технологийн шинэ бүтээлүүдийн xөдөлмөрийн зах зээлд үзүүлсэн нөлөөтэй л адил зүйл гэв.
“Нөгөө талаас, хиймэл оюуны хүний бүтээлч сэтгэлгээнд үзүүлэх нөлөөнд шүүмжлэлтэй ханддаг хэрэглэгчдээс брэндүүд болгоомжлох хэрэгтэй” хэмээн “Gartner” компанийн аналист Никол Грин дурдлаа. Тухайлбал, уг компанийн гаргасан судалгаагаар хэрэглэгчдийн 82 хувь нь хиймэл оюун ашиглаж буй байгууллагууд бага орлоготой байсан ч хүн төвтэй ажлын байрыг чухалчлах хэрэгтэй гэж үзжээ.
“Хиймэл оюун нь хэрэглэгч тус бүрд тохирсон өвөрмөц шийдлийг санал болгох, “маркетинг” гэх нэг хэвийн тодорхойлолтыг эвдэж, тухайн брэндийг шинэлэг байдлаар ондоошуулахад туслах хэрэгсэл байвал зохимжтой” хэмээн Грин онцоллоо.