bnr-0
Ази, Номхон далайн зах зээл өсөлттэй нээгдлээ
05 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээ хийх боломжийг судалж буйгаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.
  • Австралийн ASX 200 индекс 0.5 хувиар, Японы Nikkei 225 индекс 1.24 хувиар, Өмнөд Солонгосын Kosdaq индекс 0.6 хувиар тус тус өссөн байна.
  • Биткойны ханш баасан гарагийн өглөө эрчимтэй өсөж, 97,000 ам.долларт дөхжээ.
Өмнөд Солонгосын инфляц дөрөвдүгээр сард 2.1 хувьтай гарсан нь шинжээчдийн таамгаас арай өндөр үзүүлэлт байв.

Ази, Номхон далайн хөрөнгийн зах зээл баасан гарагт өсөлттэй нээгдлээ. Учир нь БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээ хийх боломжийг судалж буйгаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн байна. Мөн дэлхийн эдийн засгийн удаашрал хиймэл оюуны хөгжлийг сааруулахгүй гэсэн хүлээлт хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлжээ.

Австралийн ASX 200 индекс 0.5 хувиар, Японы Nikkei 225 индекс 1.24 хувиар, Өмнөд Солонгосын Kosdaq индекс 0.6 хувиар тус тус өссөн бол Хонконгийн Hang Seng индекс бага зэрэг уналттай нээгдсэн байна. Харин БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Хөдөлмөрийн баярын амралтаар хаалттай байв.

АНУ-ын хөрөнгийн зах зээлд “Meta”, “Microsoft” зэрэг технологийн томоохон компанийн санхүүгийн тайлан сайн гарсан нь хиймэл оюуны хөгжлийн талаарх итгэлийг сэргээж, гол индексүүд өсөхөд нөлөөлжээ. Харин “Apple”, “Amazon” компанийн орлого хүлээлтэд хүрээгүй тул хувьцааны ханш нь буурсан байна.

Dow Jones индекс 0.21 хувиар, S&P 500 индекс 0.63 хувиар, Nasdaq индекс 1.52 хувиар өсчээ. Nasdaq индексийн хувьд Трампын дөрөвдүгээр сарын 2-нд зарласан тарифын мэдэгдлийн дараах уналтаа бүрэн нөхсөн байна.

Биткойны ханш баасан гарагийн өглөө эрчимтэй өсөж, 97,000 ам.долларт дөхжээ.

Японы ажилгүйдлийн түвшин гуравдугаар сард 2.5 хувьд хүрч өссөн бол тус улсын Төв банкны зүгээс бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргаж, өсөлтийн төсөөллөө тарифын нөлөөнөөс шалтгаалан бууруулжээ.

Өмнөд Солонгосын инфляц дөрөвдүгээр сард 2.1 хувьтай гарсан нь шинжээчдийн таамгаас арай өндөр үзүүлэлт байсан бөгөөд үүний улмаас Төв банк энэ сард бодлогын хүүгээ бууруулах боломжтой болж байна.   

mobile-logo