- Монголбанк арилжааны банкуудаас зээлийн нөхцөл, эрэлт нийлүүлэлтийн талаарх санал асуулгыг үндэслэн тайлан боловсруулав.
- Иргэдийн зээлийн шалгуур чангарч, тэтгэвэр болон цалингийн зээлд илүү өндөр шалгуур тавигдсан байна.
- Ирэх улиралд уул уурхайн салбарын шалгуурыг бага зэрэг чангаруулах төлөвтэй байна.

Монголбанк 2025 оны дөрөвдүгээр сарын 14-22-ны хооронд арилжааны банкуудаас санал асуулгаар зээлийн шалгуур, нөхцөл, эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээлэл авч, дүн шинжилгээ хийсэн тайлангаа нийтэллээ. Энэхүү судалгаагаар арилжааны банкуудын өнгөрсөн болон ирэх гурван сарын зээлийн бодлогын өөрчлөлт, хандлага тодорхой болсон байна.
Томоохон банкууд аж ахуйн нэгжийн зээлийн шалгууртаа огт өөрчлөлт оруулаагүй ч иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулжээ. Харин дунд болон жижиг банкуудын хувьд зээлийн шалгуур, нөхцөлд ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Үүний сацуу том банкуудын ААН-ийн зээлийн эрэлт өнгөрсөн гурван сард бага зэрэг өссөн бол иргэдийн зээлийн эрэлт, мөн дунд жижиг банкуудын зээлийн эрэлт тогтвортой хэвээр байжээ.
Судалгаанд дурдсанаар, 2025 оны хоёрдугаар улиралд том банкууд ААН-ийн зээлийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол иргэдийн хувьд зээлийн эрэлт өөрчлөгдөхгүй хандлагатай гэжээ. Дунд болон жижиг банкууд ч мөн эрэлт тогтворжоно гэж үзжээ. Салбарын түвшинд авч үзвэл, энэ оны эхний улиралд хөдөө аж ахуйн салбарын зээлийн шалгуур сулрах хандлагатай байсан бол уул уурхай болон бусад салбаруудад чангарсан байна. Харин ирэх улиралд худалдаа, үйлчилгээний салбарын шалгуурыг хэвээр хадгалж, уул уурхайн салбарын шалгуурыг бага зэрэг чангаруулах төлөвтэй байна.
2025 оны нэгдүгээр улиралд цалингийн болон тэтгэврийн зээлийн шалгуур нэлээд чангарч, хэрэглээ болон автомашины зээлийн нөхцөл мөн бага зэрэг чангараад байна. Монголбанкны зээлийн шалгуурын индекс 0.33-д хүрсэн нь арилжааны банкууд зээл олголтонд болгоомжтой хандаж буйг илтгэж байна. Ирэх улиралд цалингийн зээлийн шалгуурыг дахин чангаруулж, бусад төрлийн зээлийн нөхцөл тогтвортой үлдэнэ гэж банкууд үзжээ.