- АНУ-ын агаарын тээвэрлэгч United Airlines авиа компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өчигдөр 21:12 цагт Чингис Хаан нисэх буудалд амжилттай газардлаа.
- Монгол Улсын агаарын тээврийн түүхэнд шинэ хуудас нээсэн нислэгийг Boeing 737-800 хөлөг онгоцоор үйлдсэн бөгөөд цаашид долоо хоногт 3 удаагийн давтамжтайгаар үйлдэх аж.
- United Airlines-ийн зүгээс анхны нислэгийн бүх зорчигчдод зориулж дурсгалын багц тараажээ.

АНУ-ын агаарын тээвэрлэгч United Airlines авиа компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өчигдөр 21:12 цагт Чингис Хаан нисэх буудалд амжилттай газардлаа. Ийнхүү Монгол Улс руу тогтмол нислэгтэй болсон АНУ-ын анхны агаарын тээврийн компани United Airlines-ийн нислэгийн баг хамт олныг өнөөдөр өглөө буцах замд нь үдэж, гарган өглөө.
Монгол Улсын агаарын тээврийн түүхэнд шинэ хуудас нээсэн нислэгийг Boeing 737-800 хөлөг онгоцоор үйлдсэн бөгөөд цаашид долоо хоногт 3 удаагийн давтамжтайгаар үйлдэх аж. Долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гарагт Наритагаас 16:30 цагт хөөрч, Улаанбаатарт 20:55 цагт буух ба АНУ-ын Лас Вегас, Сан Франциско, Денвер, Хьюстон зэрэг хотыг нийслэл Улаанбаатартай холбон өгч буй.
Анхны нислэгийг тохиолдуулан Нарита буудлын 32-р гарцын орчимд ойролцоогоор 200 хүн цугларч, нислэг эхлэхээс хоёр цагийн өмнө нээлтийн ёслолыг хийжээ.
Монгол Улсыг сонирхож, аялах зорилготой, анхны нислэгийг урьдчилан захиалсан “AvGeek” буюу нислэг сонирхогчид, United Airlines компанийн үнэнч үйлчлүүлэгчид уг нислэгийн анхны зорчигчид байжээ.
United Airlines-ийн зүгээс анхны нислэгийн бүх зорчигчдод зориулж дурсгалын багц тараажээ. Үүнд тусгайлан хийлгэсэн унтлагын хувцас, ил захидал, АНУ ба Монгол Улсын далбаа бүхий тэмдэг зэрэг багтсан байна.
Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг ойролцоогоор 5 цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд Boeing 737-800 загварын 23 жилийн настай онгоц нислэгт ашиглагдсан байна.
Бэлгийн багц, нислэгийн хоол зэргээр дамжуулан Монгол-АНУ-ын хамтын ажиллагааг олон улсад амжилттай сурталчлаад буй. Хоолны цэсэд Монгол хэв маягийн хоол, тухайлбал монгол үхрийн махан шөл, говийн маягаар амталсан тахианы мах, Улаанбаатарын арвайн ногоонтой шөл, тараг, айраг багтсан байна.