- Өнгөрсөн долдугаар сарын 23-нд болсон тендерт Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулснаар төслийн эхлэл тавигдсан байна.
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол бүтээн байгуулалтын нэг болох Туулын хурдны замын барилгын ажлын бэлтгэл хангаж байна.
- Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар өсөж, ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болох аж.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол бүтээн байгуулалтын нэг болох Туулын хурдны замын барилгын ажлын бэлтгэл хангаж байна.
Өнгөрсөн долдугаар сарын 23-нд болсон тендерт Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулснаар төслийн эхлэл тавигдсан байна. Энэхүү хурдны зам нь Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас Баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх бөгөөд зургаан эгнээ, найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд нийт 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх юм. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, орчин үеийн архитектур, инженерийн шийдэлтэйгээр барихаар төлөвлөжээ.
Судалгаагаар хурдны зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувиар, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувиар, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувиар, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурах тооцоо гарсан байна. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар өсөж, ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болох аж.