Хиймэл оюуны дата төвийн тэлэлт 2035 он гэхэд 6 сая тонн зэсийн хомсдол үүсгэх магадлалтай
08 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Хиймэл оюуны дата төвүүдийн зэсийн ашиглалт 2035 он гэхэд 4.3 сая тонн хүрч, дэлхийн зэсийн нийлүүлэлтийн хомсдол 6 сая тонн болно гэж таамаглаж байна.
  • Зэсийн үнэ 2028 он гэхэд тонн тутамд 13,500 ам.долларт хүрэх хүлээлттэй байна.
  • Эрэлт тасралтгүй өсөж байгаа ч нийлүүлэлт талаас зэсийн уурхайнуудын хүдрийн агуулга буурсан, нөгөө талаас шинэ уурхай хөгжүүлэхэд багадаа 10 жил шаардаж байгаа нь хомсдолын гол шалтгаан болж байна.
Зах зээл дэх шаргал металлын хомсдол нэмэгдэх хүлээлттэй байна.

Хиймэл оюуны хөгжил, дата төвүүдийн бүтээн байгуулалтууд нь дэлхийн зэсийн зах зээлд томоохон дарамт учруулж, 2035 он гэхэд нийлүүлэлтийн хомсдол 6 сая тоннд хүрэх магадлалтайг шинэ судалгаагаар тооцоолжээ.

Хиймэл оюуны салбар дахь зэсийн эрэлт ирэх арван жилийн хугацаанд жилд дунджаар 400,000 тонн хүрэх бөгөөд 2028 он гэхэд 572,000 тонн болж оргилдоо хүрэх магадлалтайг “BloombergNEF”-ийн шинжээчид таамаглаж байна. Нийлбэр дүнгээрээ дата төвүүдийн зэсийн нийт хэрэглээ 2035 он гэхэд 4.3 сая тоннд хүрэх төлөвтэй аж. Түүнчлэн цахилгаан дамжуулах дэд бүтэц, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлт улам бүр нэмэгдэж буйтай зэрэгцэн зах зээл дэх шаргал металлын хомсдол нэмэгдэх хүлээлттэй байна. Улмаар зэсийн үнэ 2028 он гэхэд тонн тутамд 13,500 ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглажээ.

Түүнчлэн дэлхийн нийт зэсийн нийлүүлэлт 2035 онд 29 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бол эрэлт нь 35 сая тонн болох тооцоо гарсан. Ийнхүү дэлхийн зэсийн зах зээлд 6 сая тоннын хомсдол үүсэх хүлээлттэй байна.

Шинжээчид уг хомсдолын гол шалтгааныг эрэлт ийнхүү тасралтгүй өсөж буй ч, нийлүүлэлт талаас зэсийн уурхайнуудын хүдрийн агуулга буурсан, мөн шинэ уурхай хөгжүүлэхэд багадаа 10 жил шаардаж байгаатай холбон тайлбарлаж байна.  

mobile-logo