- Улаанбаатар хот 41 жилийн дараа шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болох эхлэлийг тавилаа.
- ТЭЦ-5 баригдсанаар 51 мянган айл төвийн дулаанд холбогдох боломж бүрдэнэ.
- 15 га талбайд баригдах төслийн газрыг чөлөөлөх ажил эхэлсэн бөгөөд нөхөн олговрыг хуульд зааснаар олгоно.

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаан, цахилгаанаар найдвартай хангах чухал шийдэл болох ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил гараанаас гарахаар болжээ. Хотын баруун бүсэд байрлах энэхүү станц нь 300 мегаваттын цахилгаан, 340 гигакалорийн дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд Баянгол дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт 15 га газрыг хамран баригдана.
Хотын захирагч Х.Нямбаатарын мэдээлснээр, Улаанбаатар хот 1984 оноос хойш шинэ эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй нь хотжилтын явцыг удаашруулах гол шалтгаан болж байжээ. Иймээс энэ удаагийн ТЭЦ-5 төслийг эрчим хүчний хангамжийн шинэ үеийн эхлэл хэмээн тодорхойлж байгаа юм. Тэрбээр “Хотын баруун бүсийн дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд олон улсын нээлттэй тендерийг тавдугаар сард зарлахаар бэлтгэлээ бүрэн хангаад байна” хэмээн онцолсон байна.
Анхны ТЭЗҮ-ээр тус төслийг 10 га талбайд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч шинэчилсэн ТЭЗҮ-д багтах боломжгүй гэж дүгнэжээ. Иймээс таван га газрыг нэмж чөлөөлснөөр ТЭЦ-5 станцыг барихаар шийдвэрлэсэн байна. Газар чөлөөлөлтөд өртсөн 26 иргэн, аж ахуйн нэгжийг нөхөн олговроор хангах буюу ижил утгатай газраар дүйцүүлэн олгох юм байна.
ТЭЦ-5 ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Толгойт, Баянголын ам, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол болон Нэгдүгээр хороолол зэрэг газар нутгийн дулааны хангамжийг шийднэ. Ингэснээр нийтдээ 51 мянга орчим айлыг төвийн дулаанд холбоно гэсэн тооцоо гарсан бөгөөд иргэдийн амьдралын тав тух, дулаан, цахилгааны найдвартай байдал мэдэгдэхүйц сайжрах юм.
Мөн үүний зэрэгцээ хотын зүүн бүсийн инженерийн сүлжээг сайжруулах хүрээнд “Амгалан” дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил төлөвлөгджээ. Үүний үр дүнд одоогоор ТЭЦ-4 дээр төвлөрсөн хотын зүүн хэсгийн дулааны ачааллыг хуваарилж, төвлөрлийг бууруулах нь стратегийн ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны эх үүсвэрүүд хэт ачаалалтай байгаа энэ үед ТЭЦ-5 станцын бүтээн байгуулалт нь зөвхөн өнөөгийн бус ирээдүйн эрчим хүчний хэрэгцээг хангах хүлээлттэй байна.