- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Аялал жуулчлалын долоо хоногийг “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” чуулганаар эхлүүллээ.
- 2024 онд манай улс 808,956 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар 1.6 тэрбум ам.долларын орлогыг улсынхаа эдийн засагт төвлөрүүлэв.
- Монгол Улс 2030 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг найман тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Аялал жуулчлалын долоо хоногийг “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” чуулганаар эхлүүллээ. Аялал жуулчлалын салбарын 600 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй төлөөлөгч “Аялал жуулчлалын долоо хоног-2025” үйл ажиллагаанд оролцож байна. Тус үйл ажиллагааны үеэр аялал жуулчлалын стратеги, дэд бүтэц, байршуулах үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Аялал жуулчлалын салбар нь Ковид-19 цар тахлын нөлөөнд тэг зогсож, 1.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байв. Аялал жуулчлалын салбар 2023 онд 1.2 тэрбум ам.долларын орлого олсон. Харин өнгөрсөн онд тус Монгол Улс 808,956 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар 1.6 тэрбум ам.долларын орлогыг улсынхаа эдийн засагт төвлөрүүлжээ. Манай улсад ирсэн жуулчдын тоо 23 хувиар нэмэгджээ.
Монгол Улс 2030 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг найман тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас энэ хүрээнд аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, төвийн бүсийг хөдөө аж ахуй төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлал төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгож хөгжүүлэхээр төлөвлөжээ.