- “Netflix” анимейшны зах зээлд “Disney”-тэй өрсөлдөх боломжтой болсон гэдгээ мэдэгдлээ.
- “Netflix”-ийн “Kpop Demon Hunters” анимейшн богино хугацаанд үзэлтээрээ хоёрдугаарт бичигдэж, 184 сая гаруй үзэгчдийг татжээ.
- “Kpop Demon Hunters”-ийн дууны цомгийн сонсогчдын тоо сар бүрийн үзүүлэлтээр 46 саяд хүрч, дэлхийн топ цомгуудын жагсаалтыг тэргүүлж байна.

“Netflix” компани анимейшны зах зээлд “Disney”-тэй өрсөлдөх боломжтой болсон гэдгээ мэдэгдлээ. Энэхүү зорилгыг “Netflix”-ийн гүйцэтгэх захирал Рийд Хастингс 2020 онд эхлүүлж байсан юм.
“Snow White”, “Cinderella” болон “Alice in Wonderland” гэх зэрэг дэлхийн алдартай уран бүтээлийг туурвисан 100 гаруй жилийн түүхтэй “Disney”-тэй өрсөлдөнө гэдэг томоохон сорилт.
Мөн 2013 онд нээлтээ хийсэн “Frozen” хүүхэлдэйн кино нь бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой анимейшн болж, түс киноны дуу “Let It Go” дэлхий даяар эгшиглэсэн юм. Үүгээрээ “Disney” анимейшны зах зээлд эзлэх байр сууриа бататгасан билээ.
Гэвч “Netflix”-ийн Өмнөд Солонгосын охидын хамтлагийн тухай өгүүлэх “Kpop Demon Hunters” анимейшн кино нээлтээ хийснээс хойш богино хугацаанд үзэлтээрээ хоёрдугаарт бичигдэж, 184 сая гаруй үзэгчдийг татжээ.
Уг киноны гол дүр, охидын хамтлаг болох “Hunter/X”-ийн “Golden” хэмээх дуу нь “Billboard Hot 100”-г тэргүүлж, уг чартад нэгдүгээрт жагссан 9 дэх K-pop охидын хамтлаг болсон байна. Түүнчлэн “Official UK Singles Chart”-д нэгдүгээрт жагсаж, 13 жилийн дараах тус чартыг тэргүүлсэн анхны K-pop хамтлаг болжээ.
“Spotify”-ийн мэдээллээр, анимейшны “Kpop Demon Hunters: Soundtrack from the Netflix Film” дууны цомгийн сонсогчдын тоо сар бүрийн үзүүлэлтээр 46 саяд хүрч, өнгөрсөн долдугаар сарын эхээс хойш дэлхийн топ цомгуудын жагсаалтыг тэргүүлж бана.
Шинжээчдийн мэдээлснээр, уг анимейшны зар сурталчилгаанд уламжлалт маркетинг бус, үнэнч үзэгчид болон Kpop шүтэн бишрэгчдийн киноны тухай нийтэлсэн бичлэг, зураг, бүжгийн чалленж болон Kpop уран бүтээлчдийн оролцоо голлон нөлөөлсөн гэдгийг онцоллоо.
“Netflix” энэхүү амжилтыг цааш үргэлжлүүлэхээр АНУ болон Их Британи зэрэг улсад арга хэмжээ зохион байгуулах, 187 нэр төрлийн мерчандайз бараа бүтээгдэхүүн гаргах, богино хэмжээний болон хоёр үргэлжлэл кино хийх зэрэг төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэсэн ч “Netflix” энэхүү франчайзыг цаашид үр дүнтэй хөгжүүлж, үзэгчдийн идэвхтэй оролцоог тасралтгүй нэмэгдүүлж чадах эсэх нь тус компанийн анимейшн зах зээл дэх ирээдүйг тодорхойлох юм.