bnr-0
Трампын мэдэгдэл хөрөнгийн зах зээлд хүчтэй цохилт боллоо
04 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахгүй бол эдийн засаг удааширна хэмээн анхаарууллаа.
  • Dow Jones индекс 971 нэгжээр буюу 2.48 хувиар унаж 38,170.41-д хаагдсан бол S&P 500 2.36 хувиар, Nasdaq 2.55 хувиар тус тус буурсан байна.
  • Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн ам.долларын ханш гурван жилийн доод түвшинд хүрч суларсан бол, алтны үнэ унци нь 3,400 ам.долларыг давж, шинэ дээд амжилт тогтоолоо.
Дөрөвдүгээр сарын 2-нд Трамп шинэ тариф зарласнаас хойш S&P 500 индекс 9 хувиар, Nasdaq 10 хувиар, Dow 9.6 хувиар унажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийг удаа дараа хатуу шүүмжилж, бодлогын хүүгээ бууруулахгүй бол эдийн засаг удааширна хэмээн анхааруулсны улмаас даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом уналттай хаагдлаа. Түүний мэдэгдэл Төв банкны хараат бус байдалд эргэлзээ төрүүлж, хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол нэмэгдэв. Үүний зэрэгцээ АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ урагшлахгүй байгаа нь зах зээлийн итгэлийг сулруулсан байна.

Dow Jones индекс 971 нэгжээр буюу 2.48 хувиар унаж 38,170.41-д хаагдсан бол S&P 500 2.36 хувиар, Nasdaq 2.55 хувиар тус тус буурсан байна. Технологийн томоохон компаниудын хувьцаа энэ уналтыг дагуулсан бөгөөд Tesla 6 хувиар, Nvidia 4-өөс дээш хувиар, Amazon болон Meta тус бүр 3 хувиар буурчээ.

Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн ам.долларын ханш гурван жилийн доод түвшинд хүрч суларсан бол, алтны үнэ унци нь 3,400 ам.долларыг давж, шинэ дээд амжилт тогтоолоо. Энэ нь инфляц, тариф болон Төв банкны бодлогоос шалтгаалсан эрсдэлийн эсрэг хөрөнгө оруулагчид “аюулгүй хөрөнгө” рүү шилжиж буйг харуулж байна. Биткойн мөн өсөж, 88,000 ам.долларт хүрсэн нь зах зээлийн сэтгэлзүйд өөрчлөлт орсны илрэл болов.

Харин худалдааны тал дээр Хятад улс бусад орнуудад хандан АНУ-тай Хятадын ашиг сонирхолд харшлах гэрээ байгуулахгүй байхыг анхааруулсан нь хоёр орны зөрчлийг улам хурцатгав. Дөрөвдүгээр сарын 2-нд Трамп шинэ тариф зарласнаас хойш S&P 500 индекс 9 хувиар, Nasdaq 10 хувиар, Dow 9.6 хувиар унажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, худалдаа болон эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад хүндрэл учруулж, бизнесүүдэд урт хугацааны төлөвлөгөө гаргахад саад болж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна.   

mobile-logo