В.Путин Д.Трампыг дараагийн удаа Москвад уулзахыг урилаа
08 сарын 16, 2025
ХУВААЛЦАХ
  • Трамп болон Путин нарын Аляска дахь уулзалт Украины дайнтай холбоотой дорвитой шийдэлд хүрч чадаагүй байна.
  • Дээд хэмжээний уулзалтын үеэр талууд бие биеэ хүндэтгэсэн уур амьсгалтай байсныг шинжээчид онцлов.
  • Шинжээчдийн мэдээлснээр, АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн ойрын хугацаанд Москва хотноо дахин уулзах төлөвтэй байна.
Д. Трамп: Бид маш олон зүйл дээр санал нэгдсэн. Хэдий шийдэлд хүрээгүй маш олон зүйл байгаа ч энэ бол том ахиц.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар АНУ-ын Аляска муж дахь Анкораж хотод дээд хэмжээний уулзалт хийлээ.

Уулзалтын гол зорилго нь Украины дайнтай холбоотой хэлэлцээнд хүрэх байсан ч талууд дорвитой шийдэлд хүрч чадсангүй. Гэсэн хэдий ч Трамп тус уулзалт маш үр дүнтэй болсон гэдгийг онцолсон байна.

Тэрбээр "Бид маш олон зүйл дээр санал нэгдсэн. Хэдий шийдэлд хүрээгүй маш олон зүйл байгаа ч энэ бол том ахиц. Одоогоор бидэнд эцэслэн баталсан зүйл байхгүй байна" гэдгийг нэмж онцлон, "Би ерөнхийлөгч Путинтэй үргэлж дотно харилцаатай байсаар ирсэн" хэмээв.

Шинжээчдийн мэдээлснээр, хэвлэлийн бага хурлын өрөөний арын хананд "Энх тайвны төлөө" гэсэн үгийг хэвлэн хадсан нь уулзалтыг халуун дулаан болгосон ба талууд бие биеэ хүндэтгэсэн уур амьсгалтай байжээ.

Путин "Манай хоёр улс ердөө дөрвөн км зайтай. Бид бол ойрын хөршүүд. Тийм ч учраас өглөө Трамптай гар барин уулзахдаа би ‘Сайн уу, хөрш минь’ гэж хэлсэн" гэв.
Энэ удаагийн уулзалтаар Трамп Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг хянах эрхийг Орост олгож магадгүй гэж Зеленский болон Европын бусад холбоотон санаа зовж байв.

Харин Трамп "Газар нутгийнхаа талаарх аливаа шийдвэрийг Украин өөрөө гаргах болно. Би Украиныг төлөөлж хэлэлцээ хийх гэж ирээгүй. Харин тэднийг хэлэлцээрийн ширээнд суулгахыг зорьж байна” гэсэн хариу өгчээ.

Путин цаашид АНУ болон ОХУ-ын хэлэлцээрийг Украин болон түүний холбоотнууд хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, дайны талаарх шийдвэрт төвөг удахгүй байхыг хүссэн байна.
Яриа хэлэлцээ дуусаж, Путиныг Аляскаас хөдөлсний дараа Трамп уулзалт "Fox news"-ийн сэтгүүлчдэд нэг цаг орчим ярилцлага өгсөн байна. 
Трамп уулзалтын үеэр "Удахгүй дахин ярилцъя. Магадгүй тун ойрын хугацаанд" гэж хэлсэнд Путин "Дараагийн удаад Москвад" гэж хариулсан нь талууд Москва хотод дахин уулзаж магадгүй гэх таамгийг үлдээж байна.  

mobile-logo