bnr-0
Хүүхдэдээ шийдвэр гаргах боломж олгох нь өөртөө итгэлтэй, амжилттай хүн болох суурь болдог
04 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • Хүүхдээ өөртөө итгэлтэй, амжилтад тэмүүлдэг хүн болгон төлөвшүүлэхийн тулд тэдний бүх үйлдлийг хянах бус, нас насанд нь тохирсон бие даах орон зай, шийдвэр гаргах боломжийг олгох нь хамгийн үр дүнтэй арга хэмээн мэдрэлийн сэтгэл зүйч Уильям Стиксруд зөвлөлөө.
  • Гэхдээ заавал том шийдвэр байх албагүй, өдөр тутмын энгийн зүйлсээс эхэлж болно хэмээв. Жишээлбэл, хүүхэд өөрөө юу өмсөх, ямар гэрийн ажил хийхээ сонгодог болгох.
  • Эцэг эхчүүдийн үүрэг бол хүүхдээ өөрийнхөө хүслээр чиглүүлэх бус, харин тэднийг өөрийгөө олж нээхэд нь тусалж, хүсэж буй амьдралаа бүтээх замд нь дэмжигч байх юм.
Хүүхдийг өсөж томрох тусам илүү хариуцлагатай, томоохон шийдвэрүүдэд оролцуулах хэрэгтэй.

Хүүхдээ өөртөө итгэлтэй, амжилтад тэмүүлдэг хүн болгон төлөвшүүлэхийн тулд тэдний бүх үйлдлийг хянах бус, нас насанд нь тохирсон бие даах орон зай, шийдвэр гаргах боломжийг олгох нь хамгийн үр дүнтэй арга хэмээн мэдрэлийн сэтгэл зүйч Уильям Стиксруд зөвлөлөө. Ийнхүү бие даах чадварт сургах нь хүүхдийг зоригжуулж, хариуцлага суулган, амьдралд хөл тавихад нь бэлтгэдэг аж.

Гэхдээ заавал том шийдвэр байх албагүй, өдөр тутмын энгийн зүйлсээс эхэлж болно хэмээв. Жишээлбэл, хүүхэд өөрөө юу өмсөх, ямар гэрийн ажил хийхээ сонгодог болгох. Зөв шийдвэр гаргавал урам өгч, магтан дэмжих нь чухал. Ингээд хүүхдийг өсөж томрох тусам илүү хариуцлагатай, томоохон шийдвэрүүдэд оролцуулах хэрэгтэй. Жишээлбэл, ямар сургуульд сурах, ямар чиглэлд хөгжих хүсэлтэй байгааг нь хамтдаа ярилцах нь чухал аж.

Эцэг эхчүүдийн үүрэг бол хүүхдээ өөрийнхөө хүслээр чиглүүлэх бус, харин тэднийг өөрийгөө олж нээхэд нь тусалж, хүсэж буй амьдралаа бүтээх замд нь дэмжигч байх юм.

Зарим эцэг эхчүүд “хэт их эрх чөлөө өгвөл хүүхэд эрх болох вий” хэмээн болгоомжилдог. Гэхдээ зөв чиглүүлж, дэргэдээс нь тулж, бие даах боломж олгох нь хүүхдэд хариуцлага, ухамсар суулгах чухал алхам болдог. Тэрнээс бус хүүхэд хүссэн бүхнээ толгой мэдэн дураараа хийх эрхтэй болно гэсэн санаа огт биш юм.

Стиксруд дараах гурван зөвлөгөөг эцэг эхчүүдэд онцлон хүргэсэн байна:

1. Маргалдах бус, ойлголцлыг чухалчлах

Хүүхэдтэйгээ халуун дотно харилцаатай, итгэлцэл дээр суурилсан холбоотой байх нь тэдний өөртөө итгэх итгэлийг гүнзгий хөгжүүлдэг. Хэрвээ хүүхэд тань гэрийн даалгавраа хойшлуулж байвал уурлахын оронд тайван, хайр халамжаа илэрхийлсэн байдлаар “Гэрийн даалгавар төдий зүйл дээр би хайртай хүүхэдтэйгээ муудалцмааргүй байна” гэж хэлэх нь илүү нөлөөтэй аж.

2. Эрүүл, дарамтгүй хүлээлт тавих

Шалгалтад заавал өндөр оноо авах ёстой гэж шаардах нь хүүхдийг сэтгэлзүйн дарамтад оруулж, хэт төгс төгөлдөр байх хүсэлд автуулж болзошгүй. Амжилт хэдий чухал боловч аз жаргал, утга учиртай амьдралын цорын ганц шалгуур биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүмүүсийг аз жаргалтай байлгадаг зүйл бол харилцаа, эерэг мэдрэмж, дотно холбоо гэдгийг багаас нь ярьж, ойлгуулж эхлэх нь зүйтэй.

3. Тайван байдал “халдварладаг”

Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд санаа зовох нь байгалийн зүйл ч, таны сэтгэл түгшүүрийг хүүхэд тань шууд мэдэрдэг. Тиймээс өөрөө дотроо санаа зовж байсан ч гаднаа аль болох тайван, итгэлтэй байж чадвал хүүхэд тань таны тайвшралаас суралцаж, өөртөө итгэлтэй, айдасгүй хүн болон төлөвшиж чадна. Гэр орон нь хүүхдийн хувьд аюулгүй, итгэл төрүүлсэн орчин байх ёстой талаар Стиксруд онцолжээ.   

mobile-logo