- Уоррен Баффетт энэ оны эцсээр Гүйцэтгэх захирлын албан тушаалаа Грег Абелд шилжүүлэхээ олон нийтэд анх удаа зарлалаа.
- 94 настай Баффетт зах зээлийн оргил үе дээр компанийн удирдлагыг шилжүүлж байгаа нь түүхэн үйл явдал боллоо.
- Мөн Монголын талаар асуултанд хариулж валютын тогтвортой байдалд анхаарах хэрэгтэй гэж Баффетт онцлов.

Баасан гарагт Омахад болсон Berkshire Hathaway компанийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Уоррен Баффетт энэ оны эцсээр Гүйцэтгэх захирлын албан тушаалаа Грег Абелд шилжүүлэх тухай зарлалаа. Энэ нь Баффеттийн эрин үе төгсгөл рүү ойртож буйг илтгэж байна.
“Маргааш бид Berkshire-ийн ТУЗ-ийн хурлыг хийж, 11 захирал оролцоно. Миний хоёр хүүхэд болох Хауи, Сьюзи хоёрт энэ талаар урьдчилан хэлсэн, бусад нь анх удаа сонсох гэж байна. Гэхдээ одоо бол Грегийг компанийн Гүйцэтгэх захирлаар томилох цаг нь болсон гэж би үзэж байна” гэж Баффетт хуралдааны төгсгөлд мэдэгдэв.
1965 онд Нью-Инглэндийн уналтанд орсон нэхмэлийн үйлдвэрийг худалдан авснаар Баффетт Berkshire Hathaway-г үүсгэн байгуулж, GEICO даатгал, BNSF төмөр зам зэрэг төрөл бүрийн бизнестэй аварга том конгломерат болгож чадсан. Өдгөө Berkshire-ийн хувьцааны ханш түүхэн дээд цэгтээ хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд ам.долларт хүрээд буй үед тэрбээр удирдлагаа ийнхүү шилжүүлж байна.
“Би тус болох зүйл дээр тусална гэж бодож байна. Тодорхой сорилт тулгарах үед би хажууд нь байх болно” хэмээн Баффетт нэмж хэлсэн юм. 62 настай Абел одоогоор даатгалын бус үйл ажиллагааг хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа бөгөөд компанийн стратегийн шийдвэр болон хөрөнгийн хуваарилалтыг цаашид бүрэн хариуцах юм.
Баффетт өөрийн эзэмшдэг 160 тэрбум ам.долларын хувьцааг зарахгүй гэдгээ онцолж, “Би хувьцаагаа хадгалах нь цэвэр эдийн засгийн шийдвэр. Учир нь Грегийн удирдлага дор Berkshire-ийн ирээдүй миний үеийнхээс илүү байх болно гэж бодож байна” гэв.
Хэдийгээр 94 настай ч Баффетт дөрвөн цаг гаруйн турш сонирхогчдын асуултанд хариулж, хөнгөн таяг тулан алхсан нь түүнийг бизнесийн ертөнцөөс бүр мөсөн холдох болоогүйг харуулав. Хурлын үеэр 40 мянга орчим хувьцаа эзэмшигчдийн өмнө Баффетт Абелийг магтан, түүний илүү идэвхтэй удирдлагын хэв маяг Berkshire-ийн охин компаниудад илүү үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглэв.
“Грегийн хувьд бүх зүйл дээр илүү сайн ажиллаж байгаа. Учир нь би түүн шиг шаргуу ажиллахыг хүсдэггүй байсан. Гэхдээ бизнес маань өөрөө маш сайн тул би олон зүйл дээр зүгээр өнгөрч чаддаг байлаа” гэж Баффетт хэлэв.
Канадын Эдмонтон хотод төрсөн Грег Абел 2000 онд Berkshire MidAmerican Energy-г худалдан авснаар компанид орж ирсэн бөгөөд 2008 онд тус компанийн Гүйцэтгэх захирал болсон юм. Үүнээс өмнө тэрээр CalEnergy гэх жижиг компанид ажиллаж олон салбарт үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний том корпораци болгон хувиргасан юм.
Абел компанийн хөрөнгийн хуваарилалт, хөрөнгө оруулалтын философи нь Баффеттийн арга барилтай адил хэвээр үлдэнэ гэдгийг мэдэгдэв. “Berkshire-ийн сүүлийн 60 жилийн хөрөнгө оруулалтын философи өөрчлөгдөхгүй. Бид ч мөн тэр арга барилаар цаашид ажиллана” гэж тэр хэлсэн юм.
Баффетт, Абел хоёр хуралдааны дараа CNBC-д ярилцлага өгөхдөө Баффеттийн ирэх жилийн албан ёсны шинэ үүргийн талаар ТУЗ-ын хурлаар ярилцахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. Баффетт одоогоор компанийн ТУЗ-ийн даргын албыг мөн хавсарч буй.
“Надад бол ТУЗ-ын гишүүд бүгд санал нэгтэй дэмжинэ гэж санагдаж байна” гэж Баффетт хэлсэн бөгөөд энэ нь Абел зөвхөн Гүйцэтгэх захирлын бус, ТУЗ-ийн даргын албыг мөн авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг харуулж байна. Баффетт өмнө нь түүний хүү Хауи Баффеттыг томилж компанийн соёлыг хадгалах бодолтой байгаагаа Wall Street Journal-д ярьж байсан ч энэ шийдвэрт өөрчлөлт орох эсэх нь тодорхойгүй байна.
“Надад гэнэтийн зүйл байсан ч гүн сэтгэгдэл төрүүллээ” хэмээн ТУЗ-ийн гишүүн Рон Олсон хэлж “Грег Абелийн хувьд Уоррен Чарли Мангерын үүргийг гүйцэтгэж байгаасай гэж маш их хүсэж байна” хэмээн онцлов.
Абел ч энэ томилгоог урьдчилан мэдээгүй байсан бололтой бөгөөд жил тутмын хурал Баффеттийг хүндэтгэсэн нижгэр алга ташилтаар өндөрлөв.