- Хятадаас ирэх бараанд 145 хувийн тариф ногдуулснаар АНУ дахь Amazon-ын худалдаачид алдагдал хүлээх эсхүл хэрэглэгчээ алдах эрсдэлтэй боллоо.
- “De minimis” хэмээх 800 ам.доллараас доош үнийн татваргүй захиалгыг цуцалснаар Temu, Shein зэрэг хямд брэндийн үндсэн давуу тал үгүй болж магадгүй.
- Энэ байдал нь жижиг бизнес эрхлэгчдэд улам бүр дарамт болж ханган нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт орох шалтгаан болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд Хятадаас импортолж буй бараанд оноох шинэ тарифын бодлого зарласан нь Amazon дээр борлуулалт хийдэг олон мянган худалдаачдад гэнэтийн хүндрэл учруулах болов. Өнөөдрийн байдлаар Amazon дахь бараа бүтээгдэхүүний 70 орчим хувь нь Хятадад үйлдвэрлэгдсэн байдаг. Харин эдгээр бараанд 145 хувийн татвар оноож эхэлснээр худалдаачид үнэ нэмэх эсвэл алдагдлаа өөрсдөө үүрэх хоёрхон гарцын өмнө ирээд байна.
Amazon-ын гүйцэтгэх захирал Энди Жэсси CNBC-д өгсөн ярилцлагадаа “Үнэ өсөх нь гарцаагүй. Зарим барааг урьдчилан их хэмжээгээр авсан ч гуравдагч талын бизнесүүдийн хувьд энэ бол шууд дарамт” гэж хэлжээ.
Жижиг бизнес эрхлэгч Дасти Кенни “Би бүтээгдэхүүнээ Хятадаас авч, АНУ дахь агуулахад хадгалж, дотооддоо борлуулдаг. Гэхдээ одоогийн тарифын нөхцөлд зардал шууд нэмэгдэж, ашиг бараг үлдэхгүй нь” гэж ярьжээ. Тэрбээр Baby Spoon зэрэг бараа зардаг ч үнийн өсөлтөөс болгоомжилж буйгаа илэрхийлсэн байна.
Зарим төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал цай, ховор түүхий эд зэрэг нь АНУ-д орлуулж үйлдвэрлэх огтболомжгүй тул зах зээлийн үнэ нэмэгдэх нь тодорхой болжээ.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп “de minimis” буюу 800 ам.доллараас доош дүнтэй захиалгыг татвараас чөлөөлдөг журмыг тавдугаар сарын 2-ноос эхлэн зогсоохоо мэдэгдсэн. Энэ өөрчлөлт Temu, Shein, Alibaba зэрэг хямд үнэтэй бөгөөд шууд хэрэглэгчид рүү хүргэдэг цахим платформуудад хүнд цохилт болж байна. Эдгээр компанийн гол ялгарал нь татваргүй, шуурхай хүргэлт байсан юм.
Олонхи бизнес эрхлэгчдийн үзэж байгаагаар энэхүү шинэчлэл Temu гэх мэт өрсөлдөгчдийг зах зээлээс шахах ч дотоодын үйлдвэрлэгч, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнесүүдэд нэг талаар боломж авчрах магадлалтай юм. Гэсэн ч ханган нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ хүнд байдалд оржхэрэглэгчид өндөр үнэ төлж эхлэх эрсдэл өндөр байна гэж шинжээчид дүгнэжээ.
Тарифын огцом өсөлт, “de minimis”-ийг цуцалж буй шийдвэр зэрэг нь зөвхөн АНУ-ын Хятадаас хамааралтай худалдааг биш нийт олон улсын цахим худалдааны бүтэц, жижиг дунд бизнесүүдийн тогтвортой байдалд хүчтэй нөлөө үзүүлэх нь гарцаагүй болж байна.