bnr-0
Дэлхийн цирк Монголд буулаа: Хос манеж, шидэт үзүүлбэр, дэлхийн номер нэг алиалагч
04 сарын 11, 2025
ХУВААЛЦАХ
  • 15 орны 240 уран бүтээлч оролцсон тоглолт маргаашаас долоо хоног бүрийн бямба, ням гарагт болно.
  • Италийн алдарт Дэвид Ларибле Ази тивд анх удаа, Монголд тоглохоор иржээ.
  • Оросын “Большой” циркийн эмэгтэй баг хүнд төрлийн “Шидэх банз” үзүүлбэрийг дэлхийд анх удаа толилуулна.
Циркийн урлагийн оргилууд Монголд бууж, “Дэлхийн цирк Монголд-2025” тоглолт маргаашаас эхэлнэ.

Циркийн урлагийн оргилууд Монголд бууж, “Дэлхийн цирк Монголд-2025” тоглолт маргаашаас эхэлж, үзэгчдийг хоёр цаг 40 минутын турш гайхамшгийн ертөнцөөр аялуулах гэж байна.

Энэ хаврын хамгийн хүлээлттэй арга хэмжээний нэг болсон тус тоглолт “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн санаачилгаар арваннэгдэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй юм. Энэ жил дэлхийн номер нэг алиалагч гэгддэг Италийн уран бүтээлч Дэвид Ларибле анх удаа Ази тивд, Монголын тайзан дээр алхах гэж буй нь гол онцлог ажээ. Домог мэт энэ эрхмийн нэр циркийн ертөнцөд урлагийн оргилтой зүйрлэгддэг бөгөөд түүний нэгэн тоглолт өөрөө бүтэн жүжиг мэт сэтгэл хөдөлгөм гэгддэг байна.

Зохион байгуулагчдын хэлснээр тоглолтын хөтөлбөрт дэлхийн шилдгүүд цугларчээ. Агаарын нисэлтээрээ алдартай зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг, Колумбаас мото экстрим үзүүлбэртэй Жейсон гэх залуу, АНУ-аас есөн метрийн өндрөөс дугуй унах тамирчин зэрэг олон улсын одууд ирсэн байна. Үүнээс гадна, өмнө нь хэзээ ч эмэгтэй уран бүтээлчид оролцож байгаагүй “Шидэх банз”-ны үзүүлбэрийг Оросын “Большой” циркийн эмэгтэй баг анх удаа Монголд үзүүлж, дэлхийн циркийн түүхэнд шинэ хуудсыг нээх гэж байна.

Тоглолтын продюсер Н.Эрдэнэ “Манай шоу жил бүр шинэчлэгдэж, илүү дээд түвшинд хүрч байгаа. Энэ жил ур чадварын хувьд хамгийн тансаг, хамгийн эрсдэлтэй үзүүлбэрүүд багтсан” хэмээн ярьж байлаа. Шоуны бас нэгэн оргил нь “Үхлийн шаариг” хэмээх таван мотоцикл төмөр бөмбөрцөг дотор зэрэг уралддаг аюултай атлаа үзүүштэй хэсэг юм. Өмнөх жилүүдэд хамгийн өндөр үнэлгээ авсан энэхүү үзүүлбэр энэ удаа ч дахин олныг алмайруулах нь дамжиггүй.

“Дэлхийн цирк Монголд” шоуны ерөнхий найруулагчаар долоо дахь жилдээ ажиллаж буй Оросын Дмитрий Чернов “Бид ур чадварын дээд түвшинд хүрсэн уран бүтээлчдийг авчирдаг. Энэ жилийн шоу бол зүгээр нэг тоглолт биш, жинхэнэ урлагийн тэсрэлт” хэмээн тодотголоо.

Бямба, ням гариг бүрийн үдшээр Степп Арена-гийн хос манежт тоглох уг шоу нь зөвхөн хүүхдүүдэд бус бүхэл бүтэн гэр бүлээрээ хамтдаа үзэхэд тохирсон, инээд хөөр, адал явдал, гайхширал дүүрэн гайхамшигт тоглолт болох хүлээлттэй байна  

mobile-logo