
ОХУ олон улсын хориг арга хэмжээний дарамтад орсон нүүрсний салбартаа эдийн засгийн дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээ авч эхэлжээ. Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар нүүрсний компаниудад эрдэс баялгийн ашиглалтын татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломж олгохоор болсон байна. Мөн компанийн удирдлагын бонус болон ногдол ашгийн хуваарилалтад хязгаар тогтоох замаар салбарын санхүүгийн сахилга батыг сайжруулахыг зорьж байна.
Энэ шийдвэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2023 оны арванхоёрдугаар сард өгсөн чиглэлийн үргэлжлэл бөгөөд салбарын уналтыг зогсоох стратегийн алхам юм. Шийдвэрийн талаарх мэдээлэлд дурдсанаар сүүлийн саруудад нүүрсний салбарын 30 орчим аж ахуйн нэгж дампуурлын ирмэгт тулж, нийт 15 мянган ажлын байр, жилд 30 сая тонн олборлолт эрсдэлд ороод байна.
2022 онд Европын Холбоо Оросын нүүрсний импортыг бүрэн хориглосноор өмнө нь нийлүүлж байсан зах зээлээ алдаж 2024 онд ОХУ-ын нүүрсний экспорт 6 хувиар буурсан байна. Үүнээс хойш Оросын экспортын 80 хувиас илүү нь Ази руу чиглэж буй ч нэмэгдсэн тээвэрлэлтийн зардал, төлбөр тооцооны хүндрэл зэрэг олон саад бэрхшээл дагалдаж байна.
Зарим тооцооллоор Оросын нүүрсний салбар 2022 оноос хойш 1.2 их наяд рубль буюу 15 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Энэ нь Европ дахь өндөр үнэтэй зах зээлийг алдаж, мөнгөн гүйлгээг хийхэд хүндрэл үүссэнтэй шууд холбоотой юм.
Салбарын дарамтыг бууруулах зорилгоор ОХУ-ын Засгийн газар өрөнд орсон компаниуд дээр өрийн бүтцийн шинэчлэл хийх боломжийг судалж буй бөгөөд Төв банкны байр суурийг харгалзан үзнэ гэж мэдэгджээ. Үүнээс гадна Сибирийн бүсийн нүүрс үйлдвэрлэгчдэд хойд болон өмнөд бүс рүү тээвэрлэх тарифыг бууруулж, экспортын зардлыг хөнгөлөх дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Эдгээр арга хэмжээ нь салбарын уналтыг тогтворжуулж, ажлын байрыг хадгалах, экспортын орлогоо сэргээхэд чиглэж буй гэж Москва онцолж байна.