- Жил бүр олон мянган жуулчин хүлээн авдаг, алдарт Мона Лизагийн гэр болох Луврын музейн ажилчид ачааллаа дийлэхгүй байгаагаас үүдэн ажил хаялт зарлажээ.
- Ажилтнууд өдөр тутмын ажлын нөхцөл байдал “тэсэшгүй” болсон гэж үзэж, бие махбодын хэт ачааллаас үүдэн эсэргүүцлээ илэрхийлжээ.
- “Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй энэхүү санаачилга нь өдөр бүр дунджаар 20,000 хүн хүлээн авдаг Salle des États танхимын ачааллыг бууруулахыг зорьж байгаа аж.

Дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг Луврын музей хэт их ачааллын улмаас үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоожээ. Жил бүр олон мянган жуулчин хүлээн авдаг, алдарт Мона Лизагийн гэр болох Луврын музейн ажилчид ачааллаа дийлэхгүй байгаагаас үүдэн ажил хаялт зарлажээ. Ажил хаялт хэдхэн цаг үргэлжилсэн ч энэ нь тус музейн дэд бүтэц, зохион байгуулалтыг эргэн нэг харах шаардлагатай болсныг илтгээд буй.
Музейн тайлбарлагчид, тасалбар борлуулагчид, хамгаалалтын ажилтнуудын оролцсон энгийн уулзалт гэнэт бүрэн хэмжээний ажил хаялт болж хувирсан байна. Ажилтнууд өдөр тутмын ажлын нөхцөл байдал “тэсэшгүй” болсон гэж үзэж, бие махбодын хэт ачааллаас үүдэн эсэргүүцлээ илэрхийлжээ.
2013, 2019 онд мөн ижил шалтгааны улмаас ажилчид ажил хаялт зарлаж байсан юм. Өнгөрсөн онд 8.7 сая жуулчин хүлээн авсан тус музейн амралтын өрөө хүрэлцэхгүй, үйлчилгээний талбайн багтаамж хангалтгүй болж, орчин үеийн хэрэгцээнд нийцэхгүй дэд бүтэц зэргээс болж хүндхэн сорилттой тулгарчээ.
Луврын музейн тэргүүн Лоранс дэ Карс музейн зарим хэсэгт ус нэвтэрдэг болсон бөгөөд температурын огцом хэлбэлзэл нь урлагийн бүтээлүүдийг гэмтээж болзошгүйг анхааруулсан байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон музейн асуудлыг шийдвэрлэх 10 жилийн төлөвлөгөөг саяхан танилцуулсан. “Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй энэхүү санаачилга нь өдөр бүр дунджаар 20,000 хүн хүлээн авдаг Salle des États танхимын ачааллыг бууруулахыг зорьж байгаа аж.
Гэвч уг төлөвлөгөө урт хугацааны бүтээн байгуулалтад чиглэсэн тул музейн одоогийн тулгамдсан хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж ажилчид үзэж буй. Тэд Макрон шинэ төслүүдийг зарлан сурталчилж байгаа ч бодит асуудлыг шийдэх дорвитой алхам хийхгүй байна хэмээн шүүмжилж байна. Сүүлийн 10 жилд тус улсын санхүүжилт 20 хувиар буурсан ч, жуулчдын тоо тогтмол өсөж байгааг тэд онцолжээ.