- АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хувийн эзэмшлийн компани “The Trump Organization” нь алтлаг өнгөтэй, Android үйлдлийн системтэй T1 гар утсыг 499 ам.доллароор худалдаанд гаргах болсноо зарласан.
- The Trump Organization-ийн гаргасан албан ёсны мэдэгдэлд “Тус гар утас нь АНУ-д үйлдвэрлэгдэнэ” хэмээн дурдсан ч салбарын мэргэжилтнүүд T1 гар утсыг Хятад улсад зохион бүтээж, үйлдвэрлэнэ хэмээн таамаглаад буй.
- Төхөөрөмжийн зарим хэсгийг АНУ-д үйлдвэрлэж болох ч, ухаалаг утасны ханган нийлүүлэлтийн сүлжээ дэлхий даяар тархсан байдаг бөгөөд бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүд нь олон орноос ирдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хувийн эзэмшлийн компани “The Trump Organization” нь алтлаг өнгөтэй, Android үйлдлийн системтэй T1 гар утсыг 499 ам.доллароор худалдаанд гаргах болсноо зарласан. Тэгвэл энэхүү гар утас нь Хятадад үйлдвэрлэгдэх магадлалтай байна.
The Trump Organization-ийн гаргасан албан ёсны мэдэгдэлд “Тус гар утас нь АНУ-д үйлдвэрлэгдэнэ” хэмээн дурдсан ч салбарын мэргэжилтнүүд T1 гар утсыг Хятад улсад зохион бүтээж, үйлдвэрлэнэ хэмээн таамаглаад буй.
“Уг утсыг АНУ-д эхнээс нь бүрэн угсарч, үйлдвэрлэнэ гэдэг боломжгүй зүйл” хэмээн Олон улсын дата корпорацын дэд ерөнхийлөгч Франциско Жеронимо онцоллоо.
Трамп АНУ-д импортлогдож буй ухаалаг гар утаснуудад тариф ногдуулахаа мэдэгдсэний дараа гар утасны үйлдвэрлэлд анхаарал хандуулж эхэлжээ. Хэдий тус тарифын бодлого хараахан хэрэгжиж эхлээгүй ч, Трамп Apple компанийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд онцгой анхаарал хандуулж, iPhone-ийг дотооддоо үйлдвэрлэхийг уриалсан. Энэ нь АНУ-д тэдгээр технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн Трампын илүү өргөн цар хүрээтэй зорилгын нэг хэсэг юм.
Харин салбарын ихэнх шинжээчийн үзэж буйгаар iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэх нь бараг боломжгүй бөгөөд бүтээгдэхүүний үнийг мэдэгдэхүйц өсгөх нь гарцаагүй гэж онцолжээ.
Төхөөрөмжийн зарим хэсгийг АНУ-д үйлдвэрлэж болох ч, ухаалаг утасны ханган нийлүүлэлтийн сүлжээ дэлхий даяар тархсан байдаг бөгөөд бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүд нь олон орноос ирдэг.
Трампын компанийн гаргах гэж буй T1 утас ч дээрх байдлаар үйлдвэрлэгдэх нь тодорхой. Хэдийгээр тус бүтээгдэхүүний бүрдэл хэсгүүдийн талаар баттай мэдээлэл хараахан гараагүй ч, техник үзүүлэлт нь олон нийтэд ил болжээ. Тухайлбал, гар утас нь 6.8 инчийн AMOLED дэлгэцтэй байх бөгөөд энэ төрлийн дэлгэцийг голчлон Өмнөд Солонгосын Samsung компани үйлдвэрлэдэг. Мөн Солонгосын LG, Хятадын BOE зэрэг компани ч энэ төрлийн дэлгэц үйлдвэрлэдэг аж.