
Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зургадугаар сарын 12-16-нд зохион байгуулна. Чуулга уулзалтад 60 орчим улсын 4000 орчим төлөөлөл оролцох урьдчилсан тооцоо гарчээ. НЗДТГ, JCI Монгол байгууллага хамтран 2017 онд Улаанбаатарт зохион байгуулахад 51 улсын 3600 орчим төлөөлөл оролцож байв.
Дөрвөн бүс нутгийн хамгийн томд тооцогддог чуулган учраас JCI байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөх, сенаторууд оролцдог. “Аспак” уулзалтыг 1951 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд тухайн жилийн ажлаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн гаргадаг юм.
Тус чуулганыг Монголд зохион байгуулснаар эдийн засагт 16-18 сая ам.долларын орлого орж ирэх тооцоо гарчээ. Тухайлбал, арга хэмжээний хураамж, зочид буудал, хурал, хоол хүнс, аялал зэргийн төлбөрийг оролцогчид хувиасаа гаргах учраас манай аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, тээвэр зэрэг олон салбарын аж ахуйн нэгж, компаниудад ашиг орлого оруулах аж.