- Шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна.
- Монгол хэлний босго оноонд тэнцээгүй ч ЭЕШ өгөх боломжтой.
- Хэл, бичгийн шалгалтад оролцсон 12 мянга гаруй сурагч тэнцээгүй байна.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт эхлэхэд наймхан хоног үлдлээ. Энэ жилийн хувьд нийт 35,939 шалгуулагч ЭЕШ-д оролцохоор бүртгүүлсэн бөгөөд улс орон даяар зургаадугаар сарын 18-ны лхагва гарагаас 21-ний бямба гарагуудад зохион байгуулагдана. Шалгалтыг уламжлал ёсоор Боловсролын үнэлгээний төв хариуцан явуулах юм.
Шалгалтын хуваарьт зааснаар эхний өдөр түүх болон англи хэлний шалгалт явагдах бол дараагийн өдрүүдэд хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн есөн хичээл дараалан зохион байгуулагдана. Монгол хэлний ЭЕШ зургаадугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт эхлэхээр товлогдсон байна.
Энэ жил өмнөх жилүүдээс онцлог нэгэн өөрчлөлт орсон нь монгол хэл, бичгийн босго шалгалтад тэнцээгүй сурагчид ч элсэлтийн шалгалтанд оролцох боломжтой болсон явдал юм. Босго шалгалтыг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дүнгийн нэгдсэн үзүүлэлтийг олон нийтэд танилцуулжээ.