- АНУ Хятад оюутнуудын визийг “идэвхтэй цуцлах” арга хэмжээ авна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ.
- “Ирээдүйд БНХАУ болон Хонконгоос мэдүүлэх визийн хүсэлтийг илүү өндөр шалгуураар нягтлах үүднээс шалгуурыг шинэчилнэ” хэмээн тус мэдэгдэлд онцолжээ.
- Мөн Мичиганы Конгрессын гишүүд Жон Муленаар болон Тим Уолберг нар АНУ-ын Дьюкийн их сургууль Хятадын Ухань их сургуультай харилцаагаа таслахыг шаардсан.

АНУ Хятад оюутнуудын визийг “идэвхтэй цуцлах” арга хэмжээ авна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа тус улсын их дээд сургуульд суралцаж буй гадаад оюутнуудын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж байгаагийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү гэнэтийн алхмыг Рубио X (хуучнаар Twitter) хуудсандаа зарласан бөгөөд Төрийн департаментын лхагва гарагийн орой нийтэлсэн “Визийн шинэ бодлого: АНУ нэн тэргүүнд, Хятад биш” хэмээх мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбарласан байна.
“Ерөнхийлөгч Трампын удирдлага дор Төрийн департамент Дотоод аюулгүй байдлын яамтай хамтран Хятадын Коммунист намтай холбоотой эсвэл стратегийн чухал чиглэлээр суралцаж буй оюутнуудыг оролцуулан Хятадын оюутнуудын визийг идэвхтэй цуцална” гэж уг мэдэгдэлд дурджээ.
“Ирээдүйд БНХАУ болон Хонконгоос мэдүүлэх визийн хүсэлтийг илүү өндөр шалгуураар нягтлах үүднээс шалгуурыг шинэчилнэ” хэмээн тус мэдэгдэлд онцолжээ.
Мөн Мичиганы Конгрессын гишүүд Жон Муленаар болон Тим Уолберг нар АНУ-ын Дьюкийн их сургууль Хятадын Ухань их сургуультай харилцаагаа таслахыг шаардсан. Тэд энэхүү түншлэлийг “АНУ-ын инновацыг Хятадын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбор руу чиглэсэн шууд сувгийг бий болгож байна” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Харвардын Их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрийн гэрчилгээг хүчингүй болгосон юм.
Энэхүү арга хэмжээ нь АНУ-д суралцаж буй олон сая гадаад оюутныг хүнд нөхцөл байдалд оруулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тэд чих тавин хүлээж байна.